БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд

2018-09-25
“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Азийн Хөгжлийн банк болон Европын Хөрөнгө Оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Төслийн хүрээнд хотын нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр тусган Улаанбаатар хотыг 6 дэд төвтэй байхаар төлөвлөсөн. Төсөл 3 үе шаттайшаар нийт 9 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд Төслийн I шатны хүрээнд Сэлбэ (156 га), Баянхошуу (162 га) дэд төвүүд нь нийт 318 га газар нутгийг нийслэлийн хойд бүсийн хүн амд үйлчлүүлдэг, худалдаа, соёл үйлчилгээний төвлөрөл бүхий байгаль орчинд ээлтэй ногоон орчинг бүрдүүлсэн дүүрэг, бүсийн чанартай төв болгон хөгжүүлэхээр ажиллаж байгаа юм.

Төслийн үйл ажиллагааг эрчимтэй явуулж үр дүнг иргэдэд бодитоор хүргэх үүднээс улсын хэмжээнд шат шатны алба хаагчид анхаарал хандуулан ажиллаж байгаа. Өнөөдөр буюу 2018 оны 9-р сарын 25-ны өдөр Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Улаанбаатар хотын захирагч С.Батболд, АХБ-ны Хот төлөвлөлтийн багийн ахлах ноён Арнауд Хэкманн болон бусад албныхан “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд хийж буй бүтээн байгуулалтын ажлуудын явц, хүрэх үр дүн, нөхцөл байдалтай танилцлаа.

Төсөл хэрэгжиж байгаа нутаг дэвсгэрийг хотын шинэ дэд төв болгон хөгжүүлэх төлөвлөгөөг гаргахдаа хөгжлийн зорилго, зорилтыг тодорхойлон иж бүрэн судалгаа хийж бусад төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулан төлөвлөжээ.

Хөтөлбөр хэрэгжсэнээр гэр хорооллын авто зам, нийгмийн болон инженерийн дэд бүтэц цогцоор шийдэгдсэн уялдаа бүхий шинэ дэд төвүүд бий болж Улаанбаатар хотын төвлөрөл, агаар хөрсний бохирдол буурч, дэд төдүүдийг орон сууцжуулах суурь нөхцөл бүрэн хангагдах гэх мэт олон эерэг үр дүнд хүрэх юм.

Гүйцэтгэсэн ажлууд:

Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар хоёр дэд төвд түр суурьшуулах 50 айлын орон сууц тус бүр нэгийг, мөн нийт 8.6 км урт ариутгах татуургын гол шугам сүлжээ тавьсан байна.

Баянхошуу дэд төвд 2.3 км урттай үерийн хамгаалалтын сувгийн барилга угсралт болон үерийн хамгаалалтын сувгийн хамгаалалтын хайсны угсралт суурилуулалтын ажил 100% гүйцэтгэлтэй, Сэлбэ дэд төвд 2.1 км урттай үерийн хамгаалалтын сувгийн барилга угсралт, 500м урттай замын ус зайлуулах хоолойн барилга угсралт, үерийн хамгаалалтын сувгийн хамгаалалтын хайсны угсралт суурилуулалт болон 500 м урттай автозамын дагуу ус зайлуулах шугам хоолойн барилга угсралтын ажил 70%-тай, 1,000м3 хүчин чадалтай усан сан ба насос станцын барилга угсралт болон ус хангамжийн шугам хоолой нийлүүлж, суурилуулах ажил 80%-тайгаар олон ажлууд хэрэгжиж байна.

Дэд бүтцийн бусад ажлуудыг гүйцэтгэхээр газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байгаа бөгөөд газар чөлөөлөлт нүүлгэн шилжүүлэлтийн явц 95% -тай байна.

Цаашид Баянхошуу дэд төвд:

• 14 м өргөн 7.42 км авто зам

• 1,000 м3 хүчин чадалтай усан сан, доод насос станц ба өргөлтийн насос станцын барилга угсралт болон ус хангамжийн шугам хоолой нийлүүлж, суурилуулах ажлыг Европын Хөрөнгө Оруулалтын Банкны зээлээр хэрэгжүүлж Геодези, Усны барилга байгууламжийн газар хүлээлгэн өгнө.

• Тэнхлэгээрээ 50.0 х 33.0 м хэмжээтэй, хагас нум хэлбэртэй болон тэгш өнцөгтийн блокоос бүрдсэн 2 давхар барилга угсралтын ажлыг дотор, гадна инженерийн шугам сүлжээ, гадна зам талбай, тохижилтын ажлыг 2018 оны 9 дүгээр сард Нийслэлийн Үйлдвэрлэл, Инновацийн Газарт хүлээлгэн өгч ашиглуулна.

• Тэнхлэгээрээ 48.0 х 30.0 м хэмжээтэй, 2 давхар, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг дотор, гадна инженерийн шугам сүлжээ, гадна зам талбай, тохижилтын ажлын хамт гүйцэтгэн 2018 оны 9-р сарын 30нд Нийслэлийн Боловсролын Газарт хүлээлгэн өгч ашиглуулах гээд төлөвлөсөн олон ажил бий.

Үр дүн:

Баянхошуу дэд төвд хийж буй бүтээн байгуулалтын ажлуудын үр дүнд Баянхошуу дэд төвийн иргэд ундны усны найдвартай эх үүсвэрээр хангагдахаас гадна тус дэд төвд байгаа цэцэрлэгийн насны нийт хүүхдүүдийн СӨБ хамрагдалт 63.49% хүртэл нэмэгдэнэ. Мөн МСҮТ-ээр дамжуулан мэргэжил олгосноор мэргэжилтэй ажилчид нэмэгдэх ба бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээний хүртээмж сайжирна.

Түүнчлэн авто зам ашиглалтад орсноор нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг гэр хорооллын иргэдэд ойртуулах боломж бүрдэх төдийгүй иргэдийн авто машин ашиглалтын зардал буурч өрхийн амьжиргаанд эерэгээр нөлөөлнө.

Цаашид Сэлбэ дэд төвд:

• 26.68 Мвт хүчин чадалтай дулааны станц барих ажил.
• 24м, 30м, 60м-ийн урттай 3 ширхэг төмөрбетон гүүрийн барилгын ажил.
• Тэнхлэгээрээ 48.0 х 30.0 м хэмжээтэй, 2 давхар, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг дотор, гадна инженерийн шугам сүлжээ, гадна зам талбай, тохижилтын ажлын хамт гүйцэтгэх.
• Тэнхлэгээрээ 50.0 х 33.0 м хэмжээтэй, хагас нум хэлбэртэй болон тэгш өнцөгтийн блокоос бүрдсэн 2 давхар барилга угсралтын ажлыг дотор, гадна инженерийн шугам сүлжээ, гадна зам талбай, тохижилтын ажлын хамт гүйцэтгэх.
• 1,000м3 хүчин чадалтай усан сан ба насос станцын барилга угсралт болон ус хангамжийн шугам хоолой нийлүүлж, суурилуулах ажил.
• Сэлбэ дэд төвд 3.7 км авто замыг 2.0 км үерийн ус зайлуулах суваг болон 7.5 км урт гудамжны гэрэлтүүлгийн хамт, 3.9 км урт цэвэр усны шугам хоолой, 5.5 км урт бохир усны шугам хоолой, 4.4 км урт дулаан дамжуулах шугам хоолойн барилга угсралтын ажлыг холбогдох ажлуудын хамт гүйцэтгэх.
• Сэлбэ дэд төвд 1.9 км авто замыг 2.4 км үерийн ус зайлуулах суваг болон 4.7 км урт гудамжны гэрэлтүүлгийн хамт, 2.0 км урт цэвэр усны шугам хоолой, 4.2 км урт бохир усны шугам хоолой, 4.6 км урт дулаан дамжуулах шугам хоолойн барилга угсралтын ажлыг холбогдох ажлуудын хамт гүйцэтгэх.
• Сэлбэ дэд төвд 2.4 км үерийн хамгаалалтын сувгийн барилга угсралт болон ҮХС-ийн хамгаалалтын хайсны угсралт суурилуулалтын ажил.

Үр дүн:

Сэлбэ дэд төвд хийж буй бүтээн байгуулалтын ажлуудын үр дүнд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрийг дамнасан нийт 158 га талбайд оршин сууж буй иргэдийг дулааны эрчим хүчээр найдвартай хангах боломжтой болно. /Уг дулааны станц баригдаж бүрэн ашиглалтад ороход эхний ээлжид 35-р сургууль, 51-р цэцэрлэг гэх мэт төрийн болон нийгмийн үйлчилгээний байгууллагууд холбогдохоос гадна дэд төвд амьдарч буй 25,400 орчим хүн дулааны шугам сүлжээнд холбогдох боломж бий. Дулааны шугам сүлжээнд иргэд холбогдох эсэх нь иргэдийн оролцоо, идэвхээс шууд хамаарна. Иргэд идэвхтэй оролцвол, дулааны станц ашиглалтад ороход дулааны шугам сүлжээнд холбогдон тав тухай амьдрах боломж бүрдэх ба бидний өмнө тулгарсан том бэрхшээл болох агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна. Уг дулааны станц ашиглалтад орж айл өрхүүд шугам сүлжээнд холбогдсоноор хотын агаарын бохирдлын 80 гаруй хувийг үүсгэж буй гэр хорооллын халаалтын болон айл өрхийн зуухны түүхий нүүрсний хэрэглээг жилд 15,000 тонноор бууруулж, 3,700 өрхийн зуух, 10 гаруй ААН-ийн уурын зуухыг халах боломж байна/.
Сэлбэ дэд төвийн иргэдийг ундны усны найдвартай эх үүсвэрээр хангахаас гадна тус дэд төвд байгаа цэцэрлэгийн насны нийт хүүхдүүдийн СӨБ хамрагдалт 55.77% хүртэл нэмэгдэнэ.

Түүнчлэн МСҮТ-ээр дамжуулан мэргэжил олгосноор мэргэжилтэй ажилчид нэмэгдэх ба бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээний хүртээмж сайжирна. Авто зам ашиглалтад орсноор нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг гэр хорооллын иргэдэд ойртуулах боломж бүрдэх ба иргэдийн авто машин ашиглалтын зардал буурч өрхийн амьжиргаанд эерэгээр нөлөөлнө.

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх