Засгийн газраас "Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг 2019 оны хоёрдугаар сарын 13-нд баталсан. 2029 он хүртэл хэрэгжүүлэх тус бодлогын баримт бичиг нь үндсэн нэг зорилго, найман зорилт, 23 үйл ажиллагааны чиглэл, хэрэгжүүлэх 108 арга хэмжээний төлөвлөгөө, шаардагдах хөрөнгийн төлөвлөгөөтэй юм. "Барилгын салбарын хөгжлийг тогтворжуулах үе", "Салбарын эрчимтэй хөгжлийн гарааны үе", "Хөгжингүй улс, орнуудын түвшинд хүрч, эрчимжих үе" гэсэн гурван шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд ингэснээр салбарын өнөөгийн чадавхи 2020 онд 1.38 дахин, 2025 онд 2.6 дахин, 2028 онд 3.9 дахин өснө гэж тооцоолж байгаа аж. Энэхүү бодлогын баримт бичгийн талаар БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнтэй ярилцлаа.
-Засгийн газрын хуралдаанаар “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ыг хэлэлцэн баталлаа. Энэхүү баримт бичгийн талаар танилцуулахгүй юу. Өмнөх бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүнд хийсэн тооцоо, судалгаа бий юу?
-“Барилгын салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-г Дэд бүтцийн сайдын 2002 оны 135 дугаар тушаалаар батлан 2002-2010 оны хооронд хэрэгжүүлж, уг бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд 2011 онд үнэлгээ, дүгнэлт хийсэн. Энэхүү баримт бичгээс хойш өнөөг хүртэл барилгын салбарын талаар баримтлах нэгдсэн бодлого гараагүй тул Барилгын тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг үндэслэн “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого” /2019-2029 он/-ыг боловсруулан батлууллаа.
Бодлогын баримт бичгийг боловсруулахдаа Үндэсний статистикийн хорооноос гаргасан барилгын салбарын статистик өгөгдлүүд, Засгийн газрын дэргэдэх Үндэсний хөгжлийн газрын мэдээ, хөгжлийн төсөөлөл боловсруулах арга зүйн судалгааны баримт бичиг, Хүн ам, орон сууцны 2015 оны завсарын тооллогын дүн мэдээ, Гаалийн ерөнхий газрын импорт, экспортын барилгын материал бүтээгдэхүүний мэдээ, ХНХЯ-ны хөдөлмөр эрхлэлтийн судалгаа, Гадаадын иргэн харъяатын албаны ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний мэдээ, хүрээлэнгүүдэд хийгдсэн судалгааны материал, Монгол банк, Сангийн яамны эдийн засгийн макро түвшний гол үзүүлэлтүүдийн судалгаа тайлан, Засгийн газрын хөгжлийн томоохон хөтөлбөр, төслийн баримт бичиг зэргийг эх сурвалж болгосон.
Бодлогод үндсэн 1 зорилго, 8 зорилт, 25 үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон. Энэхүү бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 100 гаруй ажил тусгагдаж, шаардагдах хөрөнгө санхүүгийн тооцоог гаргасан.Барига, хот байгуулалтын сайдын тушаалаар энэхүү төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлэхэд төрийн байгууллагууд төдийгүй, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, барилгын бизнест оролцогч бүх талуудын зүтгэл, хамтын ажиллагаа чухал юм.
-Энэ удаагийн баталсан бодлогын баримт бичгийн гол онцлог юу вэ, зорилго, зорилтуудын талаар танилцуулна уу?
-“Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого” нь тогтвортой хөгжлийн засаглалын үндсэн зарчмын дагуу төрийн бодлогын залгамж чанар, салбар хоорондын уялдааг сайжруулах, салбарын хөгжлийг судалгаанд суурилсан техникийн нэгдсэн бодлогоор хангах, салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн улс орныхоо бүтээн байгуулалтын хэрэгцээ шаардлагад нийцсэн үндэсний чадавхийг бүрдүүлэн бий болгоход чиглэгдсэний зэрэгцээ байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой ахиц гаргах бодлого байхаар томъёологдсон.
“Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ын бусад салбарын бодлогоос ялгарах онцлог нь Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль батлагдсанаас хойш боловсруулсан бөгөөд дотроо 8 үндсэн чиглэлийг хамруулснаараа өргөн хүрээтэй бодлогын баримт бичиг болж чадсан. Үүнд, салбарын хууль эрх зүй, норм нормативын баримт бичиг, шинжлэх ухаан, техник технологи, инноваци, зураг төсөл, хөрөнгө оруулалт, барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт, салбарын сургалт, хүний нөөц, орон сууц, нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтэц, газрын харилцаа, геодези, зураг зүй гэсэн үндсэн чиглэлийн хүрээнд бодлого, зорилтыг нэгтгэн хэрэгжүүлэх юм.
-Өмнөх бодлогын баримт бичгээс юугаараа давуу болон энэ удаад барилгын салбарыг хөгжүүлэхэд юун дээр голлож анхаарсан талаар танилцуулахгүй юу?
-Салбарын төрийн бодлогыг “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Ногоон хөгжлийн бодлого”-д тусгагдсан зорилтууд болон бусад хамаарах хууль тогтоомжтой уялдуулан боловсруулсан тул тогтвортой, ногоон хөгжилд салбарын зүгээс оруулах хувь нэмрийг хангах зорилт, ажлуудыг төлөвлөсөн. Мөн салбарын шинжлэх ухаан, инновацийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлсноос гадна, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага байгуулах, барилгын салбарт зөвлөх үйлчилгээний тогтолцоо, барилгын төслийн удирдлага, мэдээллийн нэгдсэн систем, олон улсын барилгын гэрээ зэрэг дэвшилтэт үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилтуудыг тусгаснаар салбарын хөгжлийг эрчимжүүлэх, чанаржуулах бодлогын баримт бичиг болсон.
-Энэхүү бодлогын баримт бичгийг 3 үе шаттай хэрэгжүүлэх юм байна. "Салбарын хөгжлийг тогтворжуулах үе", "Салбарын эрчимтэй хөгжлийн гарааны үе", "Салбарын хөгжил эрчимжих үе" гэж тодорхойлсон талаар онцолж дурдах боломж байна уу?
-Салбарын бодлогыг 2019-2021, 2021-2025, 2025-2029 оны хугацаанд 3 үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хөгжиж буй орнуудын хөгжлийн түвшний үзүүлэлтүүдтэй жишиж үзвэл манай улсын барилгын салбарын хөгжлийн хурдац хэвийн өсөлттэй, салбарын техник, технологийн хөгжил дундаж хэмжээнд байна. Өнөөгийн байдлаар барилгын үйл ажиллагаа бууралтын байдалтай байгаа ч өөдрөг төсөөлөл байгааг судалгаагаар харуулсан. Энэхүү салбарын бодлогыг баримтлан Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлснээр бүтээн байгуулалтын чадавхи 2020 онд 1.38 дахин, 2025 онд 2.6 дахин, 2028 онд 3.9 дахин өснө гэж тооцоо, төсөөллийг хийсэн. Энэхүү баримт бичгээс гадна Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтэц, газар зохион байгуулалт, геодези зураг зүйн салбарын бодлого, “Хүн амын нутагшил, суурьшлын ерөнхий төсөл”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, “Орон сууцны үндэсний хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичгүүд батлагдсанаар барилгын салбарын өсөлтийг хангах харилцан уялдаа бүхий нэгдсэн бодлого, эрхзүйн орчин бүрдэж, барилгын салбарын хөгжил эрчимжинэ.
-Бодлогын баримт бичиг бодит биелэлт, ажил болсноор ямар дүн гарах вэ? Тухайлбал, хувийн хэвшлийнхэнд ямар давуу тал үүсэх вэ?
-Барилгын салбарын 2017 оны суурь үзүүлэлтүүдэд тулгуурлан хөгжлийн өсөлтийн итгэлцүүрээр тооцоход 2021 онд 4.343,0 тэрбум, 2025 онд 8.338,0 тэрбум, 2029 онд 12.330,0 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэнэ. Ингэснээр Монгол Улсын хөгжлийн болон хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тавигдсан зорилтуудыг хангана. Барилгын тусгай зөвшөөрөл нь бүртгэлийн тогтолцоонд шилжиж, мэргэжлийн улсын хяналтын үйл ажиллагаа өмчийн эзний үүрэг хариуцлагад суурилсан зөвлөх үйлчилгээний хяналтад шилжсэнээр хүнд суртал, чирэгдэл багасч, зах зээлийн горимоор үйл ажиллагаагаа эрхлэх боломж нэмэгдэн санхүү, бизнесийн тогтвортой орчин бүрдэнэ. Барилгын төслийн удирдлага, мэдээллийн нэгдсэн цахим систем, норм, нормативын нэгдсэн санг ашигласнаар хүний оролцоо, нөлөөлөл багасч, шударга өрсөлдөөний нөхцөл бүрдэнэ.
Барилгын салбарын ханган нийлүүлэлтийн орчин үеийн “бэлтгэл- нөөцлөлт- ханган нийлүүлэлт” зарчимд нийцсэн цахим худалдан авалтын боловсронгуй тогтолцоог төлөвшүүлснээр барилгын материалын үйлдвэрлэл улирлын хамаарлаас гарна. Барилгын салбарт хэрэглэх нийт материал, бүтээгдэхүүний 86 орчим хувийг дотоодоосоо хангах зорилттой уялдан импортын хэмжээ мэдэгдэхүйц багасч, импортоор оруулах бараа бүтээгдэхүүний чанарт өндөр шаардлага тавигдана. Эрчим хүч, усыг хэмнэлттэй ашигласан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй материал, бүтээгдэхүүн, үйлдэрлэл хөгжинө гэж найдаж байна.
Эх сурвалж: Барилга.мн