Өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нил Сэйкэрийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол улсад хэрэгжиж буй орон сууцны ипотекийн зээлийн олголт, санхүүжилт, авч буй арга хэмжээний талаар санал солилцсон юм.
БХБ-ын сайд уулзалтын эхэнд “Монгол улс ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдснаар ипотекийн зээлийн санхүүжилтийн хэмжээ буурсан ч Засгийн газраас бодлогын арга хэмжээ авч эхэлсэн”-нийг дурьдлаа. “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг батлуулан Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг хоёр дахин нэмэгдүүлж, 500 тэрбум төгрөгт хүргэх эрхзүйн нөхцөлийг бүрдүүлснийг онцолсон юм. Иргэдийн хүсэл, эрэлт их байгаа тул цаашид ч санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлого баримтлаж буйгаа хэллээ.
Олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нил Сэйкэр “Ипотекийн зээлийн хөтөлбөрийг цааш тогтвортой үргэлжлүүлэх нь зөв бөгөөд Төв банкны оролцоогүйгээр хувийн хэвшил давамгайлсан зарчмаар явах нь зүйтэй” гэлээ. Энэ хөтөлбөр нь гэр хороололд амьдарч буй иргэд орон сууцанд хамрагддаг зорилтот бүлэгт чиглэсэн хөтөлбөр байх ёстой. Дэлхийн банкнаас ипотекийн зээлийн зах зээлийг урт хугацаанд хэрхэн үргэлжлүүлэх талаар судалгаа гаргаж буй бөгөөд уг судалгааг Монгол улсын Засгийн газар анхаарч, бодлогодоо тусган ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ