“Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2019” үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж буй Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны салбар зөвлөгөөн өнөөдөр зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд Төрийн болон төрийн бус байгууллага, орон нутаг болоод нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, мэргэжлийн хяналтын газар зэрэг 150 гаруй төлөөлөгч оролцож, салбарын өнөөгийн байдал, цаашдын чиглэл, хууль эрхзүйн шинэчлэл зэрэг асуудлын хүрээнд зөвлөлдлөө.
Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ "Барилгын салбарын хамгийн хүнд бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээдэг орон сууц, нийтийн аж ахуйн салбарт эрхзүйн шинэчлэл хийх шаардлага үүссэнийг хэлээд зөвлөгөөнд оролцогчдод амжилт хүслээ".
Зөвлөгөөнөөр Нийтийн аж ахуйн салбар дахь зохицуулалтын механизм, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2018 оны санхүү, эдийн засгийн байдалд хийсэн хяналт, үнэлгээний танилцуулгыг хийж, салбарын боловсон хүчин, хүний нөөцийг бэхжүүлэх талаар санал солилцлоо.
Түүнчлэн Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого /2019-2029/-ын төсөл, Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Орон сууц” үндэсний хөтөлбөрийн танилцуулга хийгдэж зөвлөгөөнд оролцогчид саналаа илэрхийллээ.
Зөвлөгөөний талаар БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэнгээс тодрууллаа.
-Энэ жилийн удирдах ажилтны зөвлөгөөн юугаараа онцлог болж байна?
-Иргэдийг орон сууцаар хангах, тав тухтай орчин нөхцөлд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх, баталгаатай ундны усаар хангах, бохир усыг татан зайлуулах чиг үүргийг хэрэгжүүлж 24 цагийн турш ажилладаг салбар бол орон сууц, нийтийн аж ахуйн салбар.Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг салбарын төрийн болон хувийн, орон нутгийн өмчит бүхий л байгууллагын оролцоог хангаж болдог. Энэ жилийн хувьд хоёр том хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж, салбар байгууллагуудынхаа саналыг авч байна. Түүнээс гадна орон сууцны үндэсний хөтөлбөр, Төрөөс орон сууц нийтийн аж ахуйн талаар авах бодлогын баримт бичиг гэсэн хоёр том баримт бичиг хөтөлбөрийг танилцуулж хэлэлцүүлж байгаагаараа онцлогтой болж байна.
-Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт бэрхшээл их байдаг. Энэ жил юуг илүү анхаарч ажиллахаар болж байгаа вэ?
-Ер нь усны үнэ тарифийн асуудал тулгамдаж байгаа асуудлын нэг болоод байна. Усны үнийг Ус хангамж, ариутгах татуурга ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс зохицуулдаг. Гэсэн хэдий ч Орон нутаг иргэдийн хурлаараа шийдвэр гаргадаг учраас үнэ тарифийг тогтвортой барих асуудал нэлээд хөндөгддөг. Үнэ нэмэх асуудлыг ярихаар хар усыг үнэд хүргээд байгаа гэсэн сөрөг сэтгэгдлийг олон нийтийн дунд төрүүлдэг. Тэгвэл өнөөдөр усыг хар ус биш цэнхэр алт гэж харах хэрэгтэй. Иргэдэд усны үнэ цэнийг мэдрүүлэх шаардлагатай. Монголд задгай мөнгөөр хэмжигддэг бараа, ажил үйлчилгээ уснаас өөр алга. Дэлгүүрээс бид савласан цэвэр усыг хамгийн багадаа 350 төгрөгөөр худалдаад авдаг. Харин “крант”-аас гоожиж байгаа усыг 1 литрийг 50 мөнгөөр хүлээж авч байна. Тийм учраас үнэгүйтсэн усыг хайр найргүй гоожуулдаг. Усны үнийг тодорхой хэмжээнд зохицуулж нэмэгдүүлж явахгүй бол болохгүй байна. Энэ асуудал нэлээд төвөгтэй гэж харж байгаа. 1990 оноос хойш энэ салбар үндсэндээ унасан. Зах зээлийн шилжилтийн үед нийтийн аж ахуйн байгууллагын ажилтнууд өөр салбарт шилжиж салбар ажиллах хүчний хомсдолд орсон гээд олон асуудал байна.
-Нийтийн аж ахуйн салбар зардлаа нөхөх боломжгүй гэдэг энэ асуудлыг шийдвэрлэх гарц байна уу?
-Сүүлийн үед салбарын хөрөнгө оруулалт нэлээд сайжирсан. Үүнийг дагаад улсын хэмжээнд цэвэрлэх байгууламж баригдаж байна. Гадны зээл туслам авч байгаа нь сайн боловч цэвэрлэх байгууламжууд орлогоороо зарлагаа нөхөх боломжгүй байдаг. Энэ нь л нийтийн аж ахуйн байгууллагыг хөгжихөд нь саад болдог. Тиймээс энэ бүх чиглэлд гарц хайх төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцүүлж байна. Энэ нь ойрын 10 жилд энэ салбар ямар чиг хандлагаар хөгжих вэ гэдгийг тодорхойлно. Тийм учраас энэ салбарт төрийн оролцоо маш чухал байгаа юм.
Хуулийн хэлэлцүүлэг хийж байна гэж байна. Өмнөх хуулиас юугаараа давуу байгаа вэ?
- Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хот суурин ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах тухай гээд энэ хоёр хуулийг хэлэлцүүлж байна. Анх хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ярьж байсан ч хуулинд шинэчлэх маш олон асуудал байгаа учраас шинэчилсэн найруулга болсон. Тодруулж хэлбэл Орон сууцны тухай хууль дээр орон сууцны ашиглалт болоод орон сууцтай холбоотой бүхий л асуудлыг зохицуулдаг байсан. Гэхдээ орон сууцанд амьдардаг иргэдийн дундын өмчлөлийнх нь асуудал тусгах хуулиар зохицуулагддаг. Гэтэл тэр хууль хэрэгжих боломж нь муу байна. Нийслэлд хэрэгждэггүй, орон нутагт бүр алга. Тийм учраас энэ асуудлыг Орон сууцны тухай хуульд тусгах үзэл баримтлал явж байна. Дундын өмчлөлийн тухай хуулийг хүчингүй болгоод орон сууцны хуульд бүтэн бүлэг болгож оруулж байгаа.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ