Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар түрээсийн орон сууцыг өмчлүүлэх тухай журмыг баталлаа. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулж, мэдээлэл хийлээ.
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан: Засгийн газрын хуралдаанаар төрийн орон сууцыг өмчлүүлэх тухай журам баталлаа. Түрээслэж байгаа иргэн тухайн байгууллагадаа хүсэлт гаргаж, хоёр нөхцөл хангасан тохиолдолд өмчилж болно гэж журманд тусгасан. Нэгд, байрны урьдчилгаа 30 хувийн төлбөрөө хийгээд тухайн байрыг өмчилж болно. Хоёрт, таван жилийн хугацаанд сар бүр тодорхой хэмжээний төлбөр төлөөд тухайн орон сууцыг өмчилж авч болох юм. Иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу тус асуудлыг судалсны үндсэн дээр энэ журмыг гаргалаа. ТОСК-ийн зээлд хамрагдсан иргэд ч мөн энэхүү хувьчлалд оролцож болно. 30 хувийг 3-5 жилийн дотор төлж барагдуулах зэргээр байр олгож буй байгууллагатай харилцан зөвшилцсний үндсэн дээр байраа өмчилж авах боломжтой" гэлээ.
Цаашдаа “Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжинд баригдаж байгаа 972 айлын орон сууц, Хөвсгөл, Говь-Алтай, Орхон аймагт барьж байгаа 570 айлын орон сууц, нийт 1542 айлын орон сууцыг иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөж байна.
Мөн “Солонго-1 хороолол” төслийн 4320, “Солонго-2” төслийн 720, “Эко Яармаг-1 хороолол” төслийн 1920, нийт 8522 айлын орон сууцыг төрийн болон орон нутгийн мэдлийн орон сууцны санд шилжүүлэх юм. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдахаар 4000 орчим иргэн шаардлага хангасан материал ирүүлснээс 1512 нь орон сууцтай болоод байна.