Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатар хотод хийгдэж буй дэд бүтцийн төслийн барилга угсралтын явцтай биечлэн танилцлаа.
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, хотын дарга С.Амарсайхан, БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар, Сангийн дэд сайд Х.Булгантуяа зэрэг өргөн бүрэлдүүнтэй ажлын хэсэг төслийн явцыг танилцуулж, газар дээр нь ажилллаа.
Ерөнхий сайд эхлээд Төв цэвэрлэх байгууламжийн дугуй резервуарын барилга болон аэротанкийн бетон хийцийн шинэчлэлийн ажлын явцтай танилцсан юм.
“Эс энд Эй трейд”, “Набсан” компанийн түншлэлийн гүйцэтгэж байгаа төслийн явц 68 хувьтай явагдаж буй бөгөөд төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулахаар ажлаа нарийвчлан тооцжээ. Ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа ч улам эрчимжүүлж ажиллахыг Ерөнхий сайд санууллаа.
Улаанбаатар хотын нэн тэргүүний зорилт болсон дэд бүтцийг хөгжүүлэх төсөлтэй танилцахаар Баянхошуу, Сэлбэ дэд төвийг зорьлоо. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь гурван үе шаттай явагдана. Гэр хорооллын өрхүүдийг цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны төвлөрсөн шугаманд холбож, авто зам, гүүр, үерийн хамгаалалтын суваг, сургууль, цэцэрлэг, усан сан байгуулах зэрэг ажлын явц 70 орчим хувьтай байгааг хэлж байна.
Тухайлбал Баянхошуу дэд төвд сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг болон Хилчин хорооллыг төвлөрсөн дулаан хангамжид холбож долоон уурын зуухыг буулгажээ. Ингэснээр жилд 10 мянган тонн буюу 6830 портер машин нүүрс энэ жил хэрэглэхгүй болсон байна. Дэд бүтцэд тулгуурлан барилгажилтын төслүүд хэрэгжүүлснээр энэ тоо 2020 он гэхэд 60 мянган тоннд хүрэх юм.
Баянхошуу дэд төвд 240 хүүхдийн цэцэрлэг барьснаас гадна Бизнес инкубатор болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгыг энэ сарын сүүлээр ашиглалтад хүлээн авах гэж байна.
Ийм төвтэй болсноор иргэд төрөл бүрийн мэргэжлийн сургалтад хамрагдах, өрхийн болон бичил бизнес эрхлэх, төрийн үйлчилгээг нэг цэгээс авах боломж бүрдэнэ. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв гэхэд л энэ жил 5000 хүнийг нарийн мэргэжлийн сургалтад үнэ төлбөргүй хамруулж, ажлын байраар хангах юм.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд бүтцэд холбогдсон хоёр айлаар орсны нэг нь Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны иргэн И.Ганзоригийнх байлаа. Эднийх ус, цахилгаан, дулааны төвлөрсөн шугамд холбогдсон. Цаашид ойр орчмын айлуудтай хамтран хашаандаа хүлэмж барьж, хүнсний ногоо тариалахаар төлөвлөсөн. Хорооны бусад айл өрх ч газраа чөлөөлж өгөхийг дэмжиж байгаа тухай ярьлаа.
“Дэд бүтцийн төв” төслийн хүрээнд дээрх хорооны 285 өрхийг шугам сүлжээнд холбохоос эхний ээлжийн 33 айлыг дулаанд холбоод байна. 285 өрхийн 28 нь шинээр амины орон сууц барьж, 104 айл байшингаа дулаалжээ.
Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг Сэлбэ дэд төвийн бохирын цэвэрлэх байгууламж, “Сэлбэ дэд төвд усан сан, насос стацын барилга угсралт болон ус хангамжийн шугам хоолой нийлүүлж, суурилуулах төсөл”-ийн явцтай танилцлаа. Усан сан, насос станцын барилгын ажил 83 хувьтай байна. Энэ оны сүүл гэхэд дээрх дэд төвд Бизнес инкубатор, сургалтын төв болон 240 хүүхдийн цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтцийн ажлыг ирэх онд бүрэн дуусгана. Ингэснээр дэд төвүүдэд амьдарч байгаа 7000 өрхийн 28 мянга гаруй оршин суугч инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох юм.
Дэд төвүүдийн ажлын явц урагштай байгааг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлээд улам эрчимжүүлэхийг гүйцэтгэгч компаниудад зөвлөлөө. Гэр хорооллын өрхүүдийг төвлөрсөн шугам, сүлжээнд холбож, сургууль, цэцэрлэг, төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх ёстой. Гэхдээ энэ нь зөвхөн Засгийн газар, хотын захиргааны ажил биш. Иймээс иргэд, аж ахуйн нэгжүүд байгаа газартаа дэд бүтцэд холбогдож, ажиллаж, амьдрах орчноо сайжруулахын тулд газраа чөлөөлж өгөхөөс эхлээд хувь нэмрээ оруулж, хамтран ажиллахыг уриалав.
“Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хоёрдугаар шатанд Дэнжийн 1000 болон Дамбадаржаа дэд төвд энэ оноос бүтээн байгуулалтын ажил эхэлж 2021 оны 10 дугаар сард дуусна.
Харин гуравдугаар шатанд төсөл хэрэгжүүлэх дэд төвүүдийн байршлыг тогтоож, ТЭЗҮ боловсруулах судалгааны ажил хийж байна.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ