Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Монголын геодези, фотограмметр, зурагзүйн холбоо хамтран зохион байгуулж буй "Геодези, зураг зүйн салбарын ажилтны II зөвлөгөөн" Төрийн ордны их танхимд боллоо.
Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн М.Билэгт, Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, яамны удирдлагууд, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаяр, Нийслэлийн төр захиргааны байгууллагууд, аймгуудын Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нар, Монголын геодези, фотограмметр, геодези, зураг зүйн холбоо, Геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн 300 гаруй төлөөлөгч оролцсон юм.
Зөвлөгөөнийг Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар нээж, Ерөнхий Сайд, УИХ-ын гишүүн М.Билэгт, Гавьяат барилгачин Б.Рагчаа нар мэндчилгээ дэвшүүллээ.
Дэд сайд Б.Мөнхбаатар “Монгол Улсын Хөгжлийн бодлогын баримт бичгүүд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан болон бусад бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэхэд геодези, зураг зүйн салбар л зөв мэдээллээр хангаж байдаг. Ингэж байж л зөв төлөвлөлт, хөгжилд хүрэх учиртай” гэдгийг онцоллоо.
Геодези, зураг зүйн салбар нь улс орны нийгэм, эдийн засгийн бүхий л салбар тэр дундаа Улсын хилийг зураглах, хилийн баганы солбицлыг геодезийн аргаар тодорхойлж улс орныг батлан хамгаалж, аюулгүй байдлыг хангахад, мөн байгаль орчин, хөдөө аж ахуй, геологи, уул уурхай, зам тээвэр, барилга, хот байгуулалт зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын төлөвлөлт, ашиглалтад суурь газрын зураг, орон зайн мэдээллийн санг бүрдүүлээд зогсохгүй, хэмжилт зураглалт, хяналтыг гүйцэтгэдэг 200 гаруй тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжтэй, салбарын хэмжээнд 2000 гаруй ажилтан, албан хаагчтай томоохон салбар юм.
Энэ удаагийн зөвлөгөөнөөр Геодези, зурагзүйн салбарт тулгамдаж буй асуудал, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага, Геодези, зураг зүйн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, салбарын хөгжлийн чиг хандлага, Геодези, зурагзүйн үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийн өнөөгийн байдал, чадавхийг дээшлүүлэх шаардлага, үнэлэмж, Нийслэл хотыг хөгжүүлэхэд Геодези, байр зүйн зургийн хэрэгцээ, шаардлага, Аймаг, орон нутгийг хөгжүүлэхэд Геодези, зураг зүйн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний хэрэгцээ, шаардлага зэрэг өргөн хүрээний илтгэл тавьж, салбарын мэргэжилтнүүд, инженерүүдийн санал бодлыг сонссон юм.
Мөн Геодези, зурагзүйн салбарын хөгжлийг харуулсан үзэсгэлэн /хамгийн сүүлийн үеийн техник, технологийг багтаасан/ зохион байгуулагдаж салбарын бүтээгдэхүүн, үйл ажиллагааг Батлан хамгаалах, Байгаль орчин, Хөдөө аж ахуй, Барилга, Хот байгуулалт, Геологи, уул уурхай, Инженерийн дэд бүтцийн салбарт хэрхэн ашиглаж байгааг танилцуулахаас гадна нийтийн хэрэгцээнд зориулсан төрөл бүрийн газрын зураг, атласыг толилон харуулсан юм.
Мөн Геодези, зураг зүйн салбарын II зөвлөгөөнөөр “Геодези, зураг зүйн талаар төрөөс баримтлах бодлого"-ын баримт бичгийн төслийн хэлэлцүүлэг өрнөж зөвлөмж гаргалаа.
Геодези, зураг зүйн салбар нь дараахь томоохон ажлуудыг гүйцэтгээд байна. Үүнд:
- Монгол Улсын хилийг тогтооход хамтран оролцож хилийн багануудыг геодезийн хэмжилтээр солбицолжуулан, хилийн шугамыг зурагласан ба улсын хилийг НҮБ-аар баталгаажуулах суурь мэдээллийг бүрдүүлсэн.
- Монгол орны нийт нутаг дэвсгэрийг 1:100000 болон түүнээс жижиг масштабын байр зүйн зургаар бүрэн зурагжуулсан.
- 2012-2019 онд нутаг дэвсгэрийн 45 хувийг 1:25000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулсан.
- Аймгийн төв, сумын төв, томоохон суурингийн төвийн 1:1000-ны масштабтай байр зүйн болон кадастрын зураг, газар дээрх болон доорх шугам сүлжээний зураглал, орон зайн мэдээллийн санг бүрдүүлсэн юм.
- 2013-2017 онд хаягийн мэдээллийн систем байгуулах ажлын хүрээнд суурин газрын төвийг 1:1000, суурингаас бусад газрыг 1:100000-ны масштабтай хаягийн зураг, мэдээллийн санг байгуулсан.
- Мөн 1980 онд 242000 газар зүйн нэрийг газар дээр нь явж тодруулан 2004 онд 214000 газар зүйн нэрийг УИХ-аар батлуулсан.
Эдгээр газрын зураг, орон зайн мэдээллийн сан, хаягийн мэдээллийн санг Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэхээр ажиллаж байна.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ