БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

Монгол, Хятадын барилга, хот байгуулалтын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт амжилттай боллоо

2017-04-19
Монгол, Хятадын барилга, хот байгуулалтын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт амжилттай боллоо

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр тэргүүтэй барилгын салбарын төлөөлөл БНХАУ-ын Орон сууц, хот, хөдөөгийн хөгжлийн яамны сайд Чэнь Жэн Гаогийн урилгаар 2017 оны дөрөвдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр БНХАУ-ын Орон сууц, хот, хөдөөгийн хөгжлийн яам, Худалдааны яам, Барилгын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, дээрх салбаруудтай хоёр орны хооронд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Энэ үеэр Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, БНХАУ-ын Орон сууц, хот, хөдөөгийн хөгжлийн яамтай 2006 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийг дүгнэн, цаашид хамтран ажиллах талаар 11 жилийн дараа шинээр санамж бичгийг байгуулахаар боллоо.

Хоёр орны хамтын ажиллагааны гол сэдэв нь барилгын салбарт харилцан ашигтай хамтран ажиллах, барилгын материал үйлдвэрлэлийн болон барилгын угсралтын чиглэлээр хөрөнгө оруулалт хийсэн, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд техник, технологи, стандарт, норм дүрмийн нэг л хэлээр ярьдаг байх тухай онцлон хөндсөн юм. Мөн “Замын-Үүдийн чөлөөт бүсийг арав гаруй жил ярилаа, одоо ярих биш ашиглах, ажил хэрэг болгох цаг боллоо” гэдэг дээр хоёр тал санал нэгдэж байв.

Энэ удаагийн айлчлалын үеэр буюу 2017 оны дөрөвдүгээр сарын 11-нд “Монгол Улс, БНХАУ-ын барилга, хот байгуулалтын салбарын хөрөнгө оруулалт-2017” чуулга уулзалтыг Монгол Улсын БНХАУ дахь Элчин сайдын яамнаас зохион байгуулсан. Чуулга уулзалтыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Ганхуяг нээж, манай төлөөлөгчдөөс Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд нар үг хэллээ.

Чуулга уулзалтад барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэгчид болон энэ салбарт ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцох бөгөөд хоёр орны хамтын ажиллагааны ажил хэрэгч яриа өрнүүлсэн том үйл явдал боллоо. Энэ удаагийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт ойрын жилүүдэд болоогүй өргөн хүрээтэй, нийт 200 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсоныг төлөөлөгчид онцолж байв.

Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр барилга, барилгын материал үйлдвэрлэл, дэвшилтэт технологи нэвтрүүлэх  чиглэлээр тэргүүлэх байр сууринд ажиллаж буй манай улсын нэр бүхий компаниуд БНХАУ-ын ижил үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Үүнд Монголын барилгын үндэсний ассоциаци, “Монгол базальт” ХХК, “Гангар инвест” ХХК, “BCKC” ХХК зэрэг компаниудыг нэрлэж болно.

Хоёр талын барилгын салбарынхан тулгамдсан асуудлаа ярьж, саад бэрхшээлээ давах арга замаа олсон. Энэ үеэр БХБЯ-ны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гүнболдын “Барилга, хот байгуулалтын салбарын өнөөгийн нөцхөл байдал, баримталж буй бодлого” сэдэвт илтгэл, “ТОСК”-ийн Ерөнхий захирал Ж.Хичээнгүйн танилцуулсан хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд уулзалтад оролцсон хоёр талын барилгын салбарынхны төлөөлөл, хөрөнгө оруулагчид анхаарал хандуулж чөлөөт асуулт хариулт өрнүүлэхэд гол сэдэв болж байв.

Түүнчлэн Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Б.Энх-Амгалангийн тавьсан “Замын-Үүдийн хамтарсан чөлөөт бүсийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт илтгэл, Нийслэлийн орон сууцны корпорацийн Ерөнхий захирал Б.Сүхбаатарын “Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт ба төсөл хөтөлбөрүүд” илтгэл, аж ахуйн нэгжийн төлөөлөл 10-аад компанийнхний танилцуулсан төсөл хөтөлбөрүүд хөрөнгө оруулагчдын онцгой анхаарлыг татаж байлаа. Чуулга уулзалтын үеэр  танхимдаа багтахгүй их хэмжээний зочид хүрэлцэн ирсэн байв. Барилгын салбарын хөрөнгө оруулалтын сэдвээр ийм хэмжээний уулзалт ойрын үед болоогүй гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа. Энэ үеэр тус улсын томоохон хөрөнгө оруулагчид, нэр хүндтэй компаниуд Монголын талтай хамтран ажиллахаар хаа сайгүй ажил хэрэгч яриа өрнүүлсэн халуун дотно уур амьсгалтай болж өнгөрлөө.

Дашрамд дурьдахад, энэ үеэр ямар нэг санхүүжилт гуйсан, зээл тусламж хүлээсэн хэмээн зарим хэвлэл болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьж, бичиж байгаа нь ташаа ойлголт болохыг энэ дашрамд албан ёсоор залруулахыг хүсч байна. Учир нь хөрөнгө оруулалт оруулах сонирхол тэдэнд, хэрэгцээ бидэнд байсан. Хэрэгцээ, сонирхол нэгдэж, хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааны үүднээс бидэнд буцалтгүй тусламж өгөх шийдвэр гаргаж байгаа юм билээ. Үүнийг БХБЯ-ныхан ч очоод авчихдаг юм биш. Гадаад харилцааны яам “гүүр болох” үүргээ биелүүлж, Сангийн яамныхан зохих хууль журмын дагуу тусламжийг авч хэрхэн зориулалтын дагуу зарцуулах вэ гэдгийг холбогдох чиг үүргийн дагуу БХБЯ хариуцаж ажиллаж таарна.

Мөн БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр шийдвэрлээд буй “1000 айлын түр суурьших орон сууц” төслийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх тухайд “Энэ бол зөвхөн хамтын ажиллагааны шийдвэр. Хамтын ажиллагаа нь харилцан ашигтай байх гол зарчимд тулгуурлана. Энэ чиглэлээр манай талын бэлтгэл ажил хангагдсан. Одоо энэ ондоо багтаж БНХАУ-ын Гадаад худалдааны яамнаас томилогдсон ажлын хэсэг Монголд ирж ажилах юм.

Монголд өнөөдөр хаа сайгүй “Дэд бүтэц нь л дутуу” гэсэн тодотголтой дутуу баригдсан барилга бий. БХБ-ын сайд нийслэлийн дүүргүүдэд ажиллах үеэрээ энэ талаар газар дээр нь танилцахад ерөөсөө л “Барилгаа бариад эхэл” гэсэн даалгавраар бариад байсан, дэд бүтцийг асуудалгүй “араас нь шийднэ” гэдэг байсан буруу тогтолцоотой холбоотой байгааг барилгын компаниуд нь ч, тухайн барилгыг баригдаж гүйцэхээр ашиглахаар хүлээж байсан иргэд ч хэлж байсан. Үүн шиг буруу тогтолцоо байхгүй. Харин ч энэ талаар мэргэжлийн хүний хувьд төр төлөөлж ажиллаж байгаагийн хувиар “Улстөржилгүйгээр ажлаа хийцгээе” гэсэн товч хариулт өгөөд эдүгээ тэдгээр дутуу баригдсан барилгуудыг яаралтай ашиглалтад оруулахын тулд дэд бүтцийн ажлыг хийж дуусгах хөрөнгө оруулалтыг олж Монгол төрийн нэрийг бодож өмнөх Засгийн газрын өмнөөс иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээж төр үүргээ биелүүлэх ёстой гэсэндээ ийнхүү алдаа засаж явааг ойлгох нь зүйтэй болов уу. Үүнийг ч айлчлалын үеэр Тунжоу дүүргийн ажил байдалтай танилцахдаа газар дээрээс нь харж, өөрийн орны  хот байгуулалтын үйл явцтай харьцуулахад бодууштай зүйл их байлаа.

Ийнхүү Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулатын сайд Г.Мөнхбаярын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж, хоёр талын барилгын салбарынхны хүлээж байсан “Монгол Улс, БНХАУ-ын Барилга, хот байгуулалтын хөрөнгө оруулалт-2017” чуулга уулзалт амжилттай боллоо.

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх