Гэр хорооллыг дахин төлөвлөн, барилгажуулах ажил 2012 онд эхэлсэн боловч өнөөдөр иргэд хашаа, газаргүй, орон сууцанд орж чадалгүй хохирч үлдэн, хүний эрх зөрчигдөж байгааг Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссоос удаа дараа анхааруулсаар ирсэн.
Өнгөрсөн долоон жилийн хугацаанд дээрх асуудал бүрэн дүүрэн шийдвэрлэгдээгүй хэвээр байгаа тул Барилга, хот байгуулалтын яам, Хүний эрхийн үндэсний комисс, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын Эмнести Интернэшнл, Монголын Хуульчдын Холбоо хамтран “Хот төлөвлөлт-Газар чөлөөлөлт-Хүний эрх” зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Уулзалтын эхний хэсэгт Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар илтгэл тавьсан юм.
Үүний дараа оролцогч талууд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэхтэй холбоотой бодлого, зохицуулалтын талаар байр сууриа илэрхийллээ.
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд баригдсан орон сууцны ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гэр хороололд оршин суугаа иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй урт хугацааны зээлийг барилгын үе шат, гүйцэтгэлтэй уялдуулан олгох тогтолцоог бүрдүүлэх, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хямд өртөгтэй чанартай бүтээгдэхүүнээр иргэдийг хангах, гэр хорооллын дэд бүтцийг нэмэгдүүлэхийг төр бүрэн хариуцаж, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, газрын суурь үнэлгээг шинэчлэн тогтоох зэрэгт Засгийн газар анхаарч, ажиллаж байгааг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан илтгэлдээ дурьдлаа. Цаашид иргэдийн эзэмшил, өмчлөлийн газарт гэр хорооллын дахин төлөвлөлт хийхдээ иргэдийн зөвшөөрөл, санал дээр тулгуурлан хийх нь оновчтой гэдгийг тодотголоо.
Гэр хорооллыг дахин төлөвлөн, барилгажуулах ажил 2012 онд эхэлснээс хойш 446 өрх хашаа, гэргүй болж, түрээсийн орон сууцанд амьдарч байна. Түүнчлэн зарим ААН, байгууллага эргэлтийн хөрөнгөгүйгээс болж барилгын ажил бүрэн зогсож, иргэдийн эрх зөрчигдөж байгааг зөвлөлдөх уулзалтын үеэр хэлэлцсэн юм.
Хот суурин газрыг хөгжүүлэх тухай хууль 2015 онд батлагдаж, хуулийн хүрээнд хэрэгжих долоон журмыг гаргаж, мөрдөж байна. Гаргасан журам бодит амьдрал дээр хэрхэн яаж хэрэгжиж байгааг зөвлөлдөж, хаана хийдэл байгаа эсэх, хаана давхардаж байгааг хэлэлцэж, сайжруулах нь зүйтэй гэдгийг уулзалтын үеэр Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар онцлон тэмдэглэсэн юм.
Оролцогч, хуульчид болоод иргэний нийгмийн байгууллагын зүгээс хот төлөвлөлтийн төсөл хөтөлбөрийн хүрээнд газраа чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгөгүй болж хохирсон иргэдийн хохирлыг нэн даруй барагдуулах арга хэмжээ авах, хот суурин газрыг хөгжүүлэх харилцааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, иргэдийг амьдрах байраар хангасан нөхцөлд газар чөлөөлж үл хөдлөх эд хөрөнгийг буулгах, Гэрээгээр тохирсон хугацаанд байр олгоогүй нөхцөлд үүрэг хүлээсэн төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгж бүрэн хариуцдаг зохицуулалттай болох шаардлагатайг онцлож байв.
Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж буй бөгөөд инженерийн байгууламжаас эхлээд иргэд нь ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, эдийн засгийн чадавхтай хотыг цогцоор нь боловсруулж хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгааг хотын удирдлагуудын зүгээс илэрхийллээ.
Өнөөдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд иргэд хохирсон нь нэг талаас Аж ахуйн нэгжүүд үүргээ биелүүлээгүйгээс, нөгөө талаас хотын зарим агентлагийн албан хаагч хариуцлагагүй хандсанаас иргэд хохирсон явдал бий гэдгийг ч хэлж байна.
Цаашдаа энэ алдааг залруулах, давтахгүйгээр цааш ажлыг урагшуулахад Төр, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоог тэгш хангаж, уялдаа холбоотой ажиллах шаардлага байгааг зөвлөлдөх уулзалтаар хөндлөө.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ