БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

Уул уурхайн дэргэдэх хот, суурин газрууд хэрхэн хөгжих вэ?

2019-05-09
Уул уурхайн дэргэдэх хот, суурин газрууд хэрхэн хөгжих вэ?

Уул уурхай эдийн засгийн голлох салбарын хувьд үүнийг дагаад хот, суурин газар хэрхэн хөгжих вэ гэдэг нь хот төлөвлөгч, орон нутгийн анхаарлын төвд орсоор байна. Тэгвэл уул уурхайн бүс нутаг гэгдэх Говийн бүсийн хөгжлийн боломж, үүнд сумдын хувь нэмэр, үүрэг оролцоо ямар байх талаар Бодлого боловсруулагчид, Олон улсын байгууллага, Орон нутгийн төлөөлөл, ААН, байгууллагуудаас бүрдсэн 100 орчим төлөөлөл “Уул уурхайн дэргэдэх хот, суурин газруудын хөгжлийн асуудлууд” сэдвийн дор зөвлөлдлөө. 

Барилга, хот байгуулалтын яамнаас санаачлан Үндэсний статистикийн хороо, Үндэсний хөгжлийн газар, “Оюутолгой” ХХК-тай хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт 2018 онд хийгдсэн Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн суурь судалгаанаас танилцуулж, Говийн бүсийн хөгжилд сумдын хувь нэмэр үүрэг оролцоо, Ханбогд сумын хөгжлийн стратеги төлөвлөлт ба Ерөнхий төлөвлөгөөний уялдаа, үүнд талуудын үүрэг оролцоо сэдвээр хэлэлцүүлэг өрнөж талууд байр сууриа илэрхийлэн, санал бодлоо солилцсон юм.

Анх удаагаа уул уурхайн дэргэдэх хот, суурин газруудын хөгжлийн асуудлыг олон талын оролцоотойгоор зохион байгуулж байгаа нь энэ бөгөөд хэлэлцүүлгийн дүнд талууд нэгдсэн нэг ойлголттой болж, нэг зорилго, чиглэлд харж, сайн жишээг харилцан нэгэндээ хуваалцаж, хот, суурин газрын хөгжлийн төлөөх саналаа нэгтгэхэд хэлэлцүүлгийн зорилго чиглэсэн юм. 

Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар оролцож “Аливаа хот, суурин газрын хөгжлийг ярихдаа нэгдмэл ойлголт, нэгдсэн санал санаачилга, хамтын хүч чухал” гэдгийг тодотголоо. 

Уул уурхай хөгжихийн хэрээр ажлын байр нэмэгдэж, энэ хэрээр орон нутгийг чиглэх шилжилт хөдөлгөөн, урсгал өссөөр байна. Энэ үед хэрхэн олон мянган ажилчдын нийгмийн асуудлыг хамгаалж, амьдрах аятай тухтай нөхцөлийг бүрдүүлэх нь уул уурхайн компаниудын шийдвэрлэвэл зохих асуудал болоод байгааг дэд сайд Б.Мөнхбаатар онцлоод Уул уурхайн бүс нутаг гэгдэх Өмнөговь аймгийн хөгжлийн асуудлыг анх удаагаа хэлэлцэн, хөгжлийн шийдэл, гарцыг тодорхойлох чухал хэлэлцүүлэг өрнөнө гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ. 

“Уул уурхайн дэргэдэх хот, суурин газруудын хөгжлийн асуудлууд” хэлэлцүүлгийн эхэнд 2018 онд хийгдсэн Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн суурь судалгааны танилцуулга хийгдлээ. Сүүлийн жилүүдэд Өмнөговь аймаг, тэр дундаа Цогтцэций, Ханбогд сумын хүн ам эрчимтэй өсөн нэмэгджээ. Энэ хэрээр сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ажлын байрыг бий болгох, орон сууц, үйлдвэрлэл, үйлчилгээг тэлэх шаардлага үүссэн байна.

НҮБ-ын Хүн амын сан Уурхайн дэргэд хот суурин газар байгаа эсэхээс үл хамаараад тухайн хэсэгт ажиллаж, амьдарч байгаа иргэдийн дундаж наслалт уртассан байх, хүн бүр хөгжлийн үр шимийг хүртэж, нэг ч хүн хөгжлийн гадна орхигдох ёсгүй гэх бодлого баримталж байна. Уул уурхайн дэргэдэх хот, суурин газрыг хөгжүүлэхдээ зөвхөн эдийн засаг, байгаль орчны асуудлыг харахгүйгээр нийгмийн асуудлаа анхаарч үзэх ёстойг тэд зөвлөлөө. 

Өмнөговь аймагт Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон уурхай үйл ажиллагаагаа явуулж байна. Аймгийн хэмжээнд хүн ам өсөж, уурхайн ажиллах хүч нэмэгдэхийн хэрээр нийгэм, эдийн засгийн үнэлгээг дахин хийж, бүсчлэн хөгжүүлэх бодлого баримталж байгааг Өмнөговь аймгийн засаг даргын орлогч С.Мөнхбаяр илэрхийлэн 2015 онд “Оюутолгой” ХХК Өмнөговь аймаг, Ханбогд сумтай Монгол Улсын ашигт малтмалын тухай хууль болон "Рио Тинто" группийн олон улсын стандартын дагуу “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулж, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн төсөл хэрэгжүүлж байгааг дурьдлаа. 

“Оюутолгой” ХХК дээрх гэрээгээ хэрэгжүүлэх зорилгоор “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-г байгуулж жил бүр таван сая ам долларыг Өмнөговь аймгийн тогтвортой хөгжил, иргэдийн сайн сайхан амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулж иржээ. Харин хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг орон нутгийн захиргаа, иргэдийн санал дээр тулгуурлан хамтран хэрэгжүүлж байна. 

Өнгөрсөн хугацаанд тус сангаас Өмнөговь аймагт нийт 36.7 тэрбум төгрөгөөр 78 төсөл хөтөлбөр санхүүжүүлж, 350 гаруй тогтмол ажлын байр бий болгож, 142 оюутанд тэтгэлэг олгожээ. Түүнчлэн Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн өргөтгөл, дотуур байрны барилга, 200 хүүхдийн 25, 26-р цэцэрлэг, 2-р сургуулийн спорт заал, Баян-Овоо сумын эмнэлгийн барилга, Манлай сумын Уурын зуух шинээр барьж байгуулсан аж. 

Ханбогд сумд 7.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий, 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор, 46 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн Ханбогд- Оюу толгойн уурхайг холбосон 35.1 км хатуу хучилттай зам, 6.9 сая долларын хөрөнгө оруулалтаар Цэвэр усан хангамжийн цогцолбор, 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сум дундын малын эрүүл мэндийн төв, “Ханбумбат” нисэх онгоцны буудал, Байгалийн ургамлын үржүүлгийн газар зэргийг барьж ашиглалтад оруулаад байна.

Одоо Оюутолгой компанид ил уурхайн үйлдвэрлэл, далд уурхайн бүтээн байгуулалт явагдаж буй бөгөөд цаашид үндсэн үйлдвэрт ажиллах ажиллагсдаа Өмнөговь аймагт суурьшуулах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхээр бодлого баримталж байгааг Оюу Толгой ХХК-ийн Орон нутгийн харилцааны ерөнхий менежер Ш.Байгалмаа танилцууллаа. 

Орон нутгийн хөгжил зөвхөн уул уурхайгаар хэмжигдэхгүй бөгөөд цаашид аялал жуулчлал, мал аж ахуйгаа түшиглэн хөгжиж, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх чадавх, эдийн засгийн боломжтой давуу байдал Өмнөговьчуудад байгааг талууд онцолж, уул уурхайн дэргэдэх хот, суурин газрын хөгжлийн асуудлаарх ойлголтуудаа нэгтгэлээ. 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

 

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх