БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

С.МАГНАЙСҮРЭН: ЛАГИЙГ БОЛОВСРУУЛЖ БОРДОО, ХАР ШОРООН ХӨРС ГАРГАН АВЧ БАЙНА

2019-05-13
С.МАГНАЙСҮРЭН: ЛАГИЙГ БОЛОВСРУУЛЖ БОРДОО, ХАР ШОРООН ХӨРС ГАРГАН АВЧ БАЙНА

Ойн тухай хууль болон Ерөнхийлөгчийн 2010 оны 63-р зарлигийн дагуу “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт улсын хэмжээнд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн бүх нийтийн мод тарих өдөр тавдугаар сарын 11-ны өдөр болж НИТХ, БХБЯ, Нийслэлийн байгаль орчны газар хамтран Сонгинохайрхан дүүргийн XXI хороо, Жаргалант тосгонд "Мөрөөдлийн ой" төгөл байгуулж, мод тарьлаа.

Улаанбаатар хотын ногоон бүсийн ой бүхий талбайг нэмэгдүүлж, цөлжилтөөс хамгаалах, агаар орчны бохирдлыг бууруулах, ногоон төгөл байгуулах зорилгоор Улаанбаатар хот, БНСУ-ын Инчеон хотын хамтын ажиллагааны хүрээнд хоёр хотын Байгаль орчны газрууд хамтран 2018 оноос эхэлж “Мөрөөдлийн ой” төслийг эхлүүлэн Улаанбаатар хотын хоёр дахь томоохон цэцэрлэгт хүрээлэн буюу 100 га талбайг 2018-2027 оны хооронд жил бүр 10 га талбайг ойжуулахаар төлөвлөжээ. Дээрх төслийн хүрээнд мод тарих арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулж 10 га газарт гурван төрлийн мод тарьсан. 

Барилга, хот байгуулалтын яам нь Төв цэвэрлэх байгууламжийн олон жил хуримтлагдсан лагийг бордоо болгох туршилтыг эхлүүлэн “Эко Тайхи” ХХК болон Японы мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна. Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг боловсруулж хар шороон хөрс болон байгалийн органик бордоо гарган авч байгаа бөгөөд тус бордоо нь химийн нэмэлт бодисгүй, эрдсээр баялаг. Ойн хөрсний үнэртэй, ашигтай амьд бактер агуулсан тул хөрсний амьсгалах чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ ус хуримтлуулах чадварыг нь нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Дээрх туршилтаас гаргасан бордоогоор мод тарих үндэсний өдөр 1 га газарт мод тарьсан юм. 

Барилга, хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хэлэхдээ “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн олон жил хуримтлагдсан 700 мянган куб.метр лагийг боловсруулж, хоёр байдлаар ашиглах боломжтой гэж тооцон төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Нэг хэсгийг бордоо, нөгөө хэсгийг хар шороон хөрс болгох туршилт хийж байгаагийн зэрэгцээ өнөөдөр 500 модыг бордох хэмжээний бордоог байгаль дээр туршиж байна. Харин хар шороон хөрсөө нийслэлийн хаврын хот тохижилтын ажилд нийлүүлэх бололцоо бүрдэж байгаа юм. Нийтдээ 30 мянган тонн хар шороон хөрс, 745 мянган тонн бордоо нийлүүлэх боломжтой” гэлээ. 

“Мөрөөдлийн ой” төсөл хэрэгжиж буй уг талбай нь өмнө нь хогийн цэг байсан бөгөөд өнгөрсөн жил улиас, энэ жил хайлаас мод тарьлаа. 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ 

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх