Монгол Улсын Засгийн Газар 2016 онд Парисын Хэлэлцээрийг соёрхон баталж, түүнээс хойш Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН) баримт бичгээ шинэчлэн боловсруулж, 2020 оноос уг баримт бичгийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг хүлээсэн байдаг.
Энэ хүрээнд Парисын хэлэлцээрт оруулах ҮТХН-ийн барилгын салбарын оруулах хувь нэмрийг тодорхойлох салбарын анхны зөвлөлдөх уулзалтыг БОАЖЯ-аас санаачлан, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг дэмжиж тавдугаар сарын 9-ний өдөр холбогдох байгууллагуудын төлөөлөл уулзан, санал солилцлоо.
Уг хэлэлцүүлэг нь барилгын салбарын чиглэлээр анх удаа зохион байгуулагдаж, уулзалтад БХБЯ, БОАЖЯ, Эрчим хүчний зохицуулах хороо, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Байгаль орчин уур амьсгалын сан, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Монголын барилгачдын холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн НАМА төсөл, Шинэ цаг уурын хүрээлэн зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцов.
Уулзалтын үеэр оролцогч талууд хүлэмжийн хийг тооцох аргачлалыг тогтоон жигдрүүлэх, төвлөрсөн байдлаар хэмжих, санхүүгийн механизм тогтолцоог боловсруулах, хэрэгжүүлж байгаа төслүүдийн үр дүнг бодитой арга хэмжээ болгох зэрэг сэдвээр ярилцсан юм.
Нөгөөтэйгүүр хүлэмжийн хий болон түүний хэмжилтийн талаарх суурь ойлголт муу, төрөөс барилгын эрчим хүчний асуудал хариуцсан субъект байдаггүй, эрчим хүчний хэмнэлтэд дулаан хангамжаас гадна хүйтэн хангамж тооцогдохгүй байгаагаас гадна ҮТХН-ийг боловсруулах асуудал төрийн зүгээс эзгүйдэж, сайн дурын ажил болоод байгаад санаа зовниж буйгаа илэрхийллээ.
Хэлэлцүүлгийн үр дүнд талууд ҮТХН-д барилгын салбарын оруулах хувь нэмрийг тодорхойлоход баг болж, хамтран ажиллахаар нэгдсэн ойлголцолд хүрч, ирэх зургаадугаар сарын 7-нд үндсэн ажлын хэсгийн уулзалтаар бодитой зөвлөмжүүд дээр тулж ярилцахаар дараагийн арга хэмжээг товлолоо.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ