БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

"ОРОН СУУЦ" үндэсний хөтөлбөр таван жилийн хугацаанд хэрэгжиж, 150 мянган айлын орон сууц барина

2019-05-23

   Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Барилга, хот байгуулалтын яамнаас “Орон сууц” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж, Засгийн газрын /2019.5.22/ хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа. 

Уг хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж, төв, суурин газарт амьдардаг өрхүүдийн дийлэнх олонх нь өөрсдийн худалдан авах чадварт нийцсэн, монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, инженерийн бүрэн хангамжтай орон сууцтай болох нөхцөлийг бүрдүүлнэ. 

   Хөтөлбөрийн хүрээнд иргэдийн орон сууцны хангамж, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн санхүүжилтийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн уян хатан бодлогыг хэрэгжүүлэх, хаяа, дагуул, хот, тосгодыг хөгжүүлэх замаар хот, суурин газрын хэт төвлөрлийг сааруулах, орон сууцны хотхон хорооллыг инженерийн болон нийгмийн дэд бүтцийн хамтаар барьж байгуулах, гэр хороолол болон ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудыг дахин төлөвлөж барилгажуулах, гэр хорооллын айл, өрхүүдийг инженерийн хангамжид холбох, ногоон сууцны нийлүүлэлтийг дэмжих, инженерийн хангамжийн шугам сүлжээ, эх үүсвэрийн барилга байгууламжийг шинэчлэх, өргөтгөх, шинээр барих, байгалийн нөөцийн хэмнэлттэй, дэвшилтэт техник, тоног төхөөрөмж, технологийг нэвтрүүлэх зэрэг төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, төрийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн иргэдийн орон сууцны хангамж, нөхцөлийг сайжруулах, түрээсийн болон халамжийн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

   Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулаад байна. Хөтөлбөр албажиж, олны хүртээл болсны дараа уг төсөлд холбогдох байгууллагуудаас дахин санал авч, хянан нэгтгэж, энэ оны хоёрдугаар улиралд багтаан Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар батлуулж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлнэ.

   Энэхүү хөтөлбөрийг боловсруулах хүрээнд 2018 онд Барилга, хот байгуулалтын яамнаас ирэх 5 жилийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааг хийлгэсэн.  

  Уг судалгаагаар нийслэлд амьдарч байгаа нийт өрхийн 174,491 өрх нь нийтийн зориулалттай орон сууцанд, 3664 өрх нь амины орон сууцанд, 107,878 өрх нь гэр хорооллын байшинд, 101,136 өрх нь монгол гэрт амьдарч, 284 өрх нь өөрийн орон гэргүй байна. Орон нутагт 194 мянга гаруй өрх нь аймгуудын төвд амьдарч байгаагаас 58,8 мянган өрх нь нийтийн болон амины орон сууцанд, 135 мянга гаруй өрх нь монгол гэр, гэр хорооллын байшинд амьдарч байна. 

Ирэх таван жилд нийслэлийн 216 мянга гаруй өрх, орон нутгийн 121.9 мянган өрх орон сууц худалдан авах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд нийслэлд 16,3 хувь буюу 35,497 өрх, аймгуудад 9,6 хувь буюу 11738 өрх худалдан авах чадвараар баталгаажсан судалгаа гарчээ. Гэр хороололд амьдардаг нийслэлийн 73336 өрх, орон нутгийн 37266 өрх байшингаа инженерийн хангамжид холбуулах, нийслэлд 44747 өрх, орон нутагт 32048 өрх орон сууц түрээслэн амьдрах хэрэгцээтэй байна.

   Улсын хэмжээнд 192,475 төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 127,585 нь өөрийн өмчлөлийн орон сууцтай байна. Эдгээрийн 62,666 нь боловсролын салбарын, 20,401 нь эрүүл мэндийн салбарын ажиллагсад байна. Орон сууц худалдан авах хэрэгцээтэй 56467 төрийн албан хаагч байгаагийн 15360 нь худалдан авах чадвараар баталгаажсан эрэлттэй гарсан аж. 

Хүн амын 2015-2045 оны шинэчилсэн хэтийн тооцоогоор 2023 онд манай улсын суурин хүн амын тоо 3,463,576, өрхийн тоо 962,104-д хүрэх төлөвтэй байна. 

   Өрхүүдийн 70,0 хувь нь төв, суурин газарт амьдардаг манай орны одоогийн нөхцөл байдал хадгалагдана гэж үзвэл, төв, суурин газарт 673,473 өрх амьдрахаар, эдгээрийн дийлэнх олонх буюу 66,6 хувь нь инженерийн хангамж бүхий орон сууцанд амьдарна гэж үзвэл, инженерийн бүрэн хангамжтай орон сууцны тоог дор хаяж 150,000-аар нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Үүний:

  • 10,000 нь инженерийн хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээний суурилагдсан хүчин чадлын ашиглалтыг сайжруулах, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төслийн хүрээнд инженерийн хангамжид холбогдох амины орон сууц;
  • 45,000 нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах төслийн  хүрээнд баригдах нийтийн зориулалттай орон сууц;
  • 57,000 нь иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн газар дээр баригдах орон сууц;
  • 3,000 нь ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулган дахин төлөвлөн барилгажуулах хүрээнд баригдах нийтийн зориулалттай орон сууц;
  • 16,512 нь дагуул, хаяа хот, тосгодыг хөгжүүлэх төслүүдийн хүрээнд баригдах нийтийн зориулалттай болон амины орон сууц;
  • 18,488 нь түрээсийн орон сууц  байхаар төлөвлөсөн.

Нийт 150 мянган айлын орон сууц барихаар төлөвлөжээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, Засгийн газрын үнэт цаас, концессын гэрээ, хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ. 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
 

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх