Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өнөөдөр БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шин Хайминтай уулзаж барилгын салбарын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Хоёр улсын 70 жилийн хугацаанд үргэлжилсэн харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Барилга, хот байгуулалтын салбарт төдийгүй бусад салбарт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөрөнгө оруулалтаар олон төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Хоёр улсын иж бүрэн, стратегийн хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжиж байгааг БХБ-ын сайд Х.Баделхан цохон тэмдэглэлээ.
Уулзалтын эхэнд хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн хэрэгжилтийн асуудлаар мэдээлэл солилцов. Монгол Улсын Засгийн газраас уг төсөлд онцгойлон анхаарч ажиллаж буй бөгөөд гүйцэтгэлийн гэрээнд Хятадын талаас тавьсан хүсэлтийн дагуу өөрчлөлтүүдийг тусгаж нэмэлт гэрээг байгуулаад байна. Үүнд Хятадын талын хийж гүйцэтгэх ажлыг нэмэгдүүлж, зарим зардлыг Монголын талаас гаргах зэрэг асуудлыг тохирсныг сайд онцоллоо.
Төслийн хувьд ерөнхий гүйцэтгэгч компани төслийн талбайг бэлтгэх ажлыг эхлүүлээд явж байгаа хэдий ч Тусгайлсан зээлийн хэлэлцээр байгуулагдсанаар албан ёсны ажил нь эхлэх тул хоёр улсын Засгийн газар хооронд байгуулагдах Тусгайлсан зээлийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин “Монгол Улсын Ерөнхий сайдын онцгойлон анхаарч буй Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих асуудалд Хятадын тал мөн адил анхаарч ажиллаж байна. Уг төслийг эхлүүлэх баримт бичгийг БНХАУ-ын Эксим банк хянаж, баталгаажуулах шатандаа явж байгааг хэллээ.
БНХАУ-ын талаас дээрх төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хятадын Эксим банкны хянаж, баталгаажуулахад шаардлагатай баримт бичгийг Монголын тал ойрын хугацаанд бүрдүүлж өгөх, ингэснээр Тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулахад дэмжлэг үзүүлэх болно гэв. Мөн төсөл хэрэгжүүлэх байршилд түр тоног төхөөрөмж байрлуулах талбай, газар чөлөөлөх асуудлыг шийдвэрлэж, тус талбайг төсөл хэрэгжиж дуустал тогтвортой байлгах зэрэг саналаа илэрхийлэв. Мөн Лагийг боловсруулах, шилжүүлэх шийдлийн талаар Хятадын гүйцэтгэгчтэй компанитай хамтран ажиллах, Төсөлд ажиллах Хятад ажилчдын квотыг тогтоох зэрэгт дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүслээ.
Төслийн хүрээнд ажиллах Хятад ажилчдын квотыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж ойрын хугацаанд шийдвэрлэх, лагийг нүүлгэн шилжүүлэх, бордоо болгох ажлыг хийж гүйцэтгэж байгаа Эко тайхи ХХК-тай холбоо тогтоож өгөх чиглэлээр дэмжлэг үзүүлнэ гэдгээ БХБ-ын сайд Х.Баделхан илэрхийлсэн юм.
Хоёр талын уулзалтын дараагийн санал солилцсон асуудал бол "Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд хэрэгжих 1008 айлын орон сууц" төсөл байлаа.
Хятадын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “1008 айлын орон сууцны хороолол төсөл”-ийн солилцох захидлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан юм. Уг төсөл нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын ажлын хэсэг Монгол Улсад хоёр удаа хүрэлцэн ирж төслийн анхан шатны ТЭЗҮ-ийг хамтран боловсруулсан байна. Төсөл хэрэгжүүлэх газрын барилгын ажил эхлүүлэх бололцоог бүрэн хангасан төдийгүй Төслийн гэрээг ойрын хугацаанд байгуулж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Элчин сайд Шин Хайминаас хүслээ. Мөн Хятад Улсын Төрийн зөвлөлийн хүлээн зөвшөөрсөн төслийн ТЭЗҮ-ийг эцсийн хувилбарыг албан ёсоор гардаж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Уг төсөл нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд хэрэгжиж байгаа тул 2019 онд бүтээн байгуулалтыг эхлүүлж ирэх жилийн хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар тооцож, төслийн нэгжийг байгуулаад байгаа юм.
Уг төслийг хэрэгжүүлэхдээ холбогдуулан төсөл хэрэгжих талбайг тэгшлэх, гадна инженерийн шугам сүлжээ, инженерийн дэд бүтцийн холболтын бэлтгэл ажил болон барилгын ажлын бэлтгэл ажлыг хийх, Монгол Улсын Засгийн газар болон бусад холбогдох байгууллагаас авах зөвшөөрлийг шуурхайлах, Хятад, Монгол хэл дээр орчуулсан төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийг боловсруулж ирүүлэх, Монгол Улсын гаалийн байгууллага, гадаадын иргэний харьяатын газар, хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллагаас авах холбогдох зөвшөөрөл, бараа, материал тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх, Хятад ажилчдын оршин суух зөвшөөрөл болон бусад баримт бичгийг бэлтгэх зэрэг асуудлыг шийдвэрлэх нь чухал байгааг элчин сайд онцлов.
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хийгдэх дээрх хоёр төслийн ажлыг эрчимжүүлж, БНХАУ-ын талаас тавьсан хүсэлтийг шуурхай шийдвэрлэж, төлөвлөгөө гаргаж ажиллахыг яамны холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ