“Ази, Европын бүс нутгийн ложистикийн чиг хандлага ба Монголын тээврийн салбарын гүйцэтгэх үүрэг” хэлэлцүүлэг өнөөдөр Барилгын хөгжлийн төвд боллоо.
БХБЯ, Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагаас зохион байгуулсан хэлэлцүүлэгт Токиогийн Их сургуулийн дэд профессор Шибасаки Рюичи “Ази-Европын бүс нутгийн тээврийн эрэлт хэрэгцээний хандлага ба Монгол Улсын тээврийн салбарын үүрэг, оролцоо” сэдвээр, ЗТХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Д.Гэрэлням, “Зам, тээврийн салбарт гарч буй өөрчлөлтүүд ба хэрэгжүүлж буй төслүүдийн явц, цаашдын зорилт” сэдвээр тус тус илтгэл тавьж судалгаа танилцуулав.
Илтгэл тавигчид, олон улсын ложистикийн зах зээл даяаршиж буй өнөөгийн нөхцөлд бодлого боловсруулагч нар дэлхийн ачааны урсгалыг ойлгож, олон улсын ложистикийн бодлогод нөлөөлөх ёстойг онцолж байсан юм. Улмаар замын хөдөлгөөний урсгалын загварыг ашиглан, жишээ нь, БНХАУ-ын олон улсын төмөр замын тээврийн бодлогын үр нөлөөг шинжилж, Евро-Азийн дундын тээврийн сүлжээнд гол анхаарлаа хандуулахыг Токиогийн Их сургуулийн дэд профессор Шибасаки Рюичи хэлэв. Ингэснээр бүс нутгийн улс орнууд төмөр замын ачаа тээврийн өртгийг бууруулах, тээвэрлэлт болон дамжин өнгөрөх ачаа тээврийн давтамжийг нэмэгдүүлэх зэргээр ложистикоо хөгжүүлэх боломжтой хэмээн онцолж байлаа.
ЗТХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Д.Гэрэлням тавьсан илтгэлдээ, “Евро-Азийн эдийн засаг, зах зээлийн орон зайд үүсэж байгаа олон талт хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл нь Монгол Улсыг Евро-Азийн тээврийн нэгдсэн дэд бүтцийн зангилаа, түшиц газар болох таатай нөхцөлийг бүрдүүлж байна” гэсэн юм. Энд Монгол Улс бэлэн байж, олон улсын нисэх онгоцны шинэ буудал, транзит тээврийн байгууламж, нийслэл Улаанбаатарыг тойрсон төмөр зам, хурдны автозам, ложистикийн терминал, хотыг дамжин өнгөрөх болон аялал жуулчлалын зорин очих газруудыг нэгтгэн хөгжүүлснээр олон улсын дамжин өнгөрөх транзит тээврийг нэмэгдүүлж, энэ нь эргээд Монголд дам байдлаар нөлөөлж, Монгол Улсыг Ази, Европ тивийг холбосон ложистикийн нэгдсэн систем бүхий төв бий болгох ирээдүй ойр байна гэв.
Эх сурвалж: Montsame.mn
Б.Болд
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ