Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжүүлж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн МОН-3713 төсөл"-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд шинээр баригдах цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг 06 дугаар сарын 25-наас эхлүүллээ.
Нээлтэд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Барилга, хот байгуулалтын яамны Инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Болорчулуун, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, L3713-MON: Төслийн зохицуулагч Б.Оюун, Төслийн барилгын хяналтын инженер М.Нарантуяа, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтох, Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Э.Аззаяа, Хөвсгөл аймгийн ГХБХБГ-ын дарга, Б.Ганзориг, “Хөвсгөл Ус Суваг” ХХК-ийн захирал Г.Энхбаяр, Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх, “НАБСАН” ХХК-ийн Ерөнхий захирал Т.Баярсайхан, “Эс энд Эй” ХХК-ийн Ерөнхий захирал И.Аюушжав, иргэдийн төлөөлөл болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжүүлж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн МОН-3713 төсөл” нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан томоохон хот, суурин газруудын цэвэрлэх байгууламжийг үе шаттай шинэчлэх ажлыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, таван аймгийн төвд бохир ус цэвэрлэх байгууламжийг барих ажлыг эхлүүлээд байна.
Төслийн зорилго нь бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэлэг технологи ашигласнаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасаж, орон нутгийн оршин суугчдын эрүүл ахуй, орчны стандартыг дээшлүүлнэ. Төслийн нийт санхүүжилт 21.75 сая ам.доллар бөгөөд үүний 8 хувийг Монгол Улсын Засгийн газар, 92 хувийг АХБ-ны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслөөр Булган, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Дундговь аймгуудын төвд хоногт 3000 м3 хүчин чадалтай, био өнгөр тогтоогч бүхий идэвхит лагийн технологи ашигласан орчин үеийн бохир ус цэвэрлэх байгууламжууд баригдах юм.
Анх удаа монгол инженерүүд Монгол орны цаг уурын нөхцөлд тохирохуйц цэвэрлэх байгууламжийн шийдэл гарган, нэг маягийн зураг төсөл болгон батлуулж, төслийн аймгуудад хэрэгжүүлж байгаа нь онцлог юм. Барилга, хот байгуулалтын яам Хөвсгөл аймгийн төвд баригдах цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгч “НАБСАН” ХХК болон “Эс Энд Эй” ХХК компаниудын түншлэлтэй 2019 оны 6 дугаар сарын 11-ны өдөр гэрээ байгуулсан. Барилгын гүйцэтгэгч “НАБСАН” ХХК болон “Эс Энд Эй” ХХК компаниудын түншлэл ажлаа цаг хугацаанд нь чанартай сайн гүйцэтгэж, 2021 оны 6 дугаар сарын 30-нд хүлээлгэн өгөх гэрээтэй ажиллаж байна.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ