БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

“Алтанбулаг” чөлөөт бүсийн логистикийн төвийг хөгжүүлэх төлөвлөгөөний талаар санал солилцлоо 

2019-06-27
“Алтанбулаг” чөлөөт бүсийн логистикийн төвийг хөгжүүлэх төлөвлөгөөний талаар санал солилцлоо 

Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар “Алтанбулаг хилийн боомтын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г “НьюУрбанизм” ХХК боловсруулан ажиллаж байна. Уг  ажлын хүрээнд Алтанбулаг Чөлөөт бүсийн логистикийн төвийг хөгжүүлэх төлөвлөгөөний талаар хувийн хэвшил, Аж ахуйн нэгж байгууллагуудын дунд санал солилцох уулзалт, хэлэлцүүлгийг /2019.6.27/ зохион байгууллаа. 

МҮХАҮТ, Барилга, хот байгуулалтын яам, “Нью Урбанизм” ХХК-ийн хамтран зохион байгуулсан уг уулзалтад Төрийн болон төрийн бус байгууллага, дэвшилтэт технологи ашиглаж, дотоодын түүхий эд боловсруулан экспорт руу чиглэсэн  үйл ажиллагаа эрхэлдэг үйлдвэрлэгч нарын 30 гаруй төлөөлөгч оролцож санал бодлоо солилцсон юм. 

Монгол Улс анх 1995 онд “Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” үзэл баримтлалыг баталж, 2002 онд Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулийг, 2015 онд Чөлөөт бүсийн тухай хуулийг шинэчлэн баталснаар Монгол улсад чөлөөт бүс байгуулагдах эрхзүйн орчин бүрдсэн байдаг. Монгол улсын Засгийн газрын 153 дугаар тоот тогтоолоор 2014 оны 06-р сарын 22-ны өдөр “Алтанбулаг” чөлөөт бүс албан ёсоор нээгдэж, байнгын үйл ажиллагааны дэглэмд шилжсэн юм.  

Барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайд нарын хамтран баталсан “Алтанбулаг” боомтыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд” “Нью Урбанизм” ХХК нь Барилга, хот байгуулалтын яамтай гэрээ байгуулан “Алтанбулаг”  чөлөөт бүсийн логистикийн төвийн Ерөнхий төлөвлөгөөг боловсруулахаар ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд чөлөөт бүсэд байгуулах логистик бүсийн хүчин чадлыг худалдаа, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас хамааруулан тодорхойлох шаардлага гарч байгаа ч худалдаа болон үйлдвэрлэлийн талаарх нэгдсэн чиг баримжаа одоогоор нарийвчлан тодорхойлогдоогүй байна. Иймээс “Алтанбулаг” чөлөөт бүсийн цаашдын хөгжил, дотоодын түүхий эдийг боловсруулан экспортлох боломжуудын талаар хувийн хэвшлийн санал бодлыг сонсож, чөлөөт бүсэд олгогдож буй хөнгөлөлт, чөлөөлөлт, тулгамдсан асуудлын талаар гарц шийдлийг тодорхойлж ярилцав. 

“Алтанбулаг” чөлөөт бүс нь Евроазийн эдийн засгийг холбосон худалдааны  хамгийн дөт зам бөгөөд ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал байр суурийг эзэлнэ. “Алтанбулаг” чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхэлснээр татварын болон бусад хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх бөгөөд ОХУ, Европын зах зээлд илүү хямд өртөгтэй нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломж бүрдэж байгаа юм.

“Алтанбулаг” чөлөөт бүс нь Улсын болон хувийн хөрөнгө оруулалтаар ажил гүйцэтгэх явцад байнгын 30 гаруй, түр 700 ажлын байр бий болсон төдийгүй, бүсэд бүртгэлтэй 107 ААН  8.4 тэрбум төгрөгийн хувийн хөрөнгө оруулалт хийгээд байна.  2008-2019 онд нэг тэрбум 192 сая төгрөгийн газрын төлбөрийг Улсын төсвийн орлогод төвлөрүүлжээ. Бараа эргэлтийн хувьд 2015-2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 7.5 сая ам.долларын бараа орж, 6.3 сая ам.долларын бараа борлуулагдсан байна. 2014-2019 оны 06-р сарын 24-ны өдрийн байдлаар 190 мянга 605 зорчигч, 64 орчим мянган тээврийн хэрэгсэл чөлөөт бүсээр нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зорчигч 87.4 хувиар, тээврийн хэрэгсэл 94 хувиар өссөн үзүүлэлт юм  гэдгийг “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Манай улсын хувьд хилийн боомтын бүс нь чөлөөт бүстэй зэрэгцэн оршиж болох ба чөлөөт бүсэд бараа материал хадгалж дахин хуваарилалт хийхээс гадна үйлдвэрлэлийн хэсэгт угсрах дахин боловсруулалт хийх зэргээр түүхий эд бараа материалд өртөг шингээж зах зээлд гаргах үйлчилгээ явуулж болно. Энэ бүгдээс харахад Алтанбулаг  авто замын боомтыг Сүхбаатар хотын төмөр замын  боомттой уялдуулан зам тээврийн дэд бүтцийн хувьд холимог тээврийн горимоор ажиллуулах боломжтой юм. Алтанбулаг чөлөөт бүсийг түшиглэн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаа явуулах гаалийн татваргүй бүсэд барааг хадгалах үйл ажиллагаа явуулах эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм. Бүс нутаг нь аялал жуулчлал, суурьшлын бүс, хилийн шалган нэвтрүүлэх цэг, чөлөөт бүс зэрэг хилийн боомтын бүс болох бүрэн боломжтой. Гагцхүү Зам-Үүдээс орж ирж байгаа төмөр зам, авто замын хоолой Алтанбулаг бүс орчимд орж ирэхдээ хоёр салж, 25 км-ын зайд тээвэрлэлт хийж байгаа нь одоо үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, ААН-үүдэд хүндрэл үүсгэж байна. Иймээс тээвэр, логистикийн асуудлыг шийдэх зайлшгүй шаардлага байгааг “Нью Урбанизм” ХХК-ийн захирал З.Туяа илэрхийллээ. 

Алтанбулаг чөлөөт бүсийг хөгжүүлье гэвэл эдийн засгийн коридортой холбож хөгжүүлэхгүйгээр дангаараа хөгжил ярих нь учир дутагдалтай гэдгийг  УИХ-ын гишүүн Н.Оюундарь хэлэлцүүлгийн үеэр саналаа илэрхийллээ. Чөлөөт бүс энэ байдлаар цааш явах уу , Төмөр замын районыг оролцуулж Сүхбаатар сумтай нийлж хөгжих үү гэдгийг тодорхойлох, цаашлаад Засгийн газрын Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх шийдвэрийн дагуу аялал жуулчлалын маршрут бий болгож, мастер төлөвлөгөө боловсруулах ёстойг ч хэллээ. 

Хэлэлцүүлэгт оролцогчид Чөлөөт бүсийн дэд бүтцийг бий болгож, үйлдвэрлэл эрхлэх нөхцөл боломжийг хангавал Алтанбулаг чөлөөт бүсэд үйлдвэрлэл эрхэлж, үндэсний бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргах, гадаад зах зээл рүү нийлүүлэх боломж бий гэдгийг илэрхийлж, саналаа солилцлоо. 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ


 

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх