Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн Япон улсын зам тээвэр, аялал жуулчлалын яамны Орон сууцны асуудал эрхэлсэн хэлтсийн олон улсын төслийн хянагч, ноён Ишихара Акихико тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Японы зам тээвэр, аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж буй орон сууцны чанарыг сайжруулах төслийн хүрээнд Улаанбаатар хотын хуучин угсармал орон сууцны газар хөдлөлтөд тэсвэрлэх үнэлгээ хийж, хүчитгэлийн технологийн санал боловсруулах болон дулаан алдагдлын үнэлгээ хийж дулаан алдагдлыг бууруулах тодорхой технологийн шийдлийг боловсруулсан, цаашид хөрсний цэвдгийн судалгааг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслөө танилцуулсан юм.
Мөн энэхүү судалгааны хүрээнд хийгдсэн ажлын үр дүнг Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран наймдугаар сарын 31, есдүгээр сарын 1-ний өдөр эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж мэргэжлийн байгууллага, судлаачидтай санал солилцохоор төлөвлөж байна.
Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Манай оронд газар хөдлөлтийн давтамж тогтмол нэмэгдэж байна. Энэ нь томоохон эрсдэлийг бий болгох аюултай тул төр, засаг, холбогдох мэргэжлийн хяналтын байгууллага, онцгой байдлын газар анхаарч иргэдэд сургалт, мэдээлэл өгч, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Танай хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээ нь цаг үеэ олсон, барилга, хот байгуулалтын салбарт томоохон ахиц дэвшил гаргасан судалгааны ажил боловсруулагдаж байгаад талархаж байна. БХБЯ танай байгууллага, төсөлтэй нягт хамтран ажиллах болно" гэдгээ илэрхийллээ.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ