Барилгын салбар үүсч хөгжсөний 93 жилийн ойг тохиолдуулан “Ногоон хөгжлийг хамтдаа бүтээе" уриан дор "Барилга Орон сууц-2019” олон улсын үзэсгэлэн яармаг “Мишээл экспо” төвд нээгдлээ. Энэ сарын 08-ны өдөр хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнгээр ногоон хөгжлийн чиг хандлага, салбарын хөгжил дэвшил, ололт амжилтыг олон нийтэд дэлгэн танилцуулах бөгөөд үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч, орон сууц борлуулагч, барилгын материалын худалдаа эрхлэгчид, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэгч, амины орон сууц барьдаг дотоодын болон гадаадын нийт 110 гаруй шилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож байна.
Нээлтийн арга хэмжээнд БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар, Барилгын хөгжлийн төвийн дарга Ц.Амарсанаа, "БАРИЛГА ЭКСПО 2019” ОУ-н үзэсгэлэн яармагийг зохион байгуулах хорооны дарга, “Барилга МН” компанийн ерөнхий захирал Г.Батсүх, Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар, Д.Цэнд, Монголын Барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч М.Батбаатар, ерөнхий ивээн тэтгэгч “Тэсо Пропертис” ХХК - ий гүйцэтгэх захирал П.Лхагвадорж, ивээн тэтгэгч “МОНКОН Групп” ХХК - ий гүйцэтгэх захирал Л.Батхуяг, Үндэсний бүтээн байгуулалтын корпорацын ТУЗ--н дарга, гавъяат барилгачин Б.Жүгдэр, Монголын Барилгын гүйцэтгэгч байгууллагуудын холбооны ерөнхийлөгч, гавъяат барилгачин Ц.Эрдэнэбат болон холбогдох албаны бусад хүмүүс оролцлоо.
Барига, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар үзэсгэлэнгийн үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ “Монгол улсад орчин цагийн барилгын салбарын үүсэж хөгжсөний түүхэн 93 жилийн ололт амжилтын цаана энэ салбарт ажиллаж байгаа нийт ажилтан, инженер техникийн ажилтнууд, хувийн хэвшлийн ААН, байгууллагуудын хувь нэмэр үнэлж барашгүй их билээ. Та бүхний нөх их хөдөлмөр, их бүтээн байгуулалтын дүнд Монгол улсын барилгын салбар өргөжин тэлсээр байгааг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу БХБЯ “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж, төв, суурин газарт амьдардаг өрхүүдийн дийлэнх олонх нь өөрсдийн худалдан авах чадварт нийцсэн, монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, инженерийн бүрэн хангамжтай орон сууцтай болох нөхцөлийг бүрдүүлэх юм. Үүнд та бүхэнд идэвхитэй оролцож, хамтран ажиллахыг хүсье” гэлээ.
Үзэсгэлэн яармагийн эхний өдөр эрхлэгчдэд зориулан Барилгын салбарт төрөөс баримталж буй бодлого, салбарын ногоон хөгжил, Нийслэлийн хөрөнгөөр хийж буй төсөл хөтөлбөрүүд, Улаанбаатар хотын орон сууцны зах зээлийн судалгааны талаар танилцуулна. Харин 07-ны 13:00 цагт иргэдэд зориулсан сургалт, семинарт эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих, гэр байшингаа дулаалах, хөрсний бохирдолгүй Био жорлон барих болон орон сууц сонгох, худалдан авах зөвлөгөө мэдээ мэдээллийг өгнө. Үзэсгэлэнгийн үеэр 100 гаруй шинэ орон сууцны төслөөс сонголтоо хийж, ипотекийн 8% болон компанийн бага хүүтэй зээлээр, хямдрал урамшуулалтай авах боломжтой.
Жишээ нь: “Марч констракшн” ХХК “Поларис апартмент I, II” хотхоны байрныхаа үндсэн үнээс 48-60 хувь хямдруулах, “Рийл пропертиз Улаанбаатар” ХХК-аас үзэсгэлэнгийн 3 хоногийн хугацаанд орон сууц захиалгын гэрээ хийвэл үнийн дүнгээс 10 хувь, гарааш буюу автозогсоолын үнэ 34 саяаас 29 сая болж хямдрах, "Твинхаус констракшн" ХХК -аас орон сууц худалдан авагчдын дунд Prius 20 автомашины хонжвортой сугалаа явуулна. Мөн “Эм Ди Прожект” ХХК-аас урьдчилгаа төлбөр 30 хувь төлөөд компанийн хүүгүй 18 сарын тэнцүү төлбөрт хуваариар төлөх, “Тэнүүн Газар Констракшин” ХХК 1м2 нь 1,000,000 төгрөгөөр худалдах гэх мэт олон боломж хүлээж байна.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ