Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж буй “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж”-ийн төслийн явцтай танилцлаа.
Төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна тисижу сивил инженеринг групп ба Бээжин констракшн инженеринг групп консорциум”-ыг ажиллаж буй бөгөөд шинэ цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулан, Монгол Улсын хуулийн дагуу ажлын зураг төсөлд магадлал хийлгэх, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, тоног төхөөрөмж хүргэлт, суурилуулалт, барилга угсралтын ажил гүйцэтгэх, туршилт тохируулга, сургалт зохион байгуулах, гарын авлага боловсруулах, иж бүрэн цэвэрлэх байгууламжийг хүлээлгэн өгөх үүрэг хүлээж байна.
Энэ хүрээнд Бүгд Найрамдах Франц Улсын Артелиа Вил энд Транспорт компанийн боловсруулсан ТЭЗҮ-ийг үндэслэн Шанхайн зураг төслийн хүрээлэнд ажлын нарийвчилсан зураг төслийг боловсруулж, орчуулгын хамт Барилгын хөгжлийн төвд хүргүүлж, магадлал хийлгэж байна.
Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг боловсруулан 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан.
Барилга угсралтын талбайн бэлтгэл ажлыг хангаж түр ажилчдын байр, хашаа, цамхагт краныг байршуулан, биологи цэвэрлэгээний байгууламжийн суурийн газар шорооны ажил, бетон зуурмагийн узель угсрах зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна. Барилга угсралтын ажлыг эхэлснээс хойш 35,5 сарын дотор үндсэн барилга, байгууламжуудыг барьж дуусгахаар төлөвлөсөн.
Мөн хаягдал лагийг усгүйжүүлэн хатаах, цэвэрлэгээний процессоос ялгарах үнэрийг агааржуулалтын системээр цуглуулан биологи цэвэрлэгээний аргаар цэвэрлэж, цэвэрлэх байгууламжийн технологи үйл ажиллагааг бүхэлд нь хянаж удирдах ухаалаг скада системээр тоноглоно.
Төв Цэвэрлэх байгууламж нь нийт 40 га талбайд баригдах бөгөөд нийт талбайн 24,7 га талбай буюу 62 хувьд нь төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай барилга байгууламжийг барьж байгуулна. Үүнээс гадна авто зам, явган хүний зам талбай, ногоон байгууламжийг байгуулахаар төлөвлөсөн.
Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж нь Монгол Улсын Үндэсний стандарт MNS 4943 : 2015 цэвэрлэгээний чанарын шаардлагыг хангасан цэвэрлэсэн усыг Ус дахин боловсруулах үйлдвэр (Мянганы Сорилтын Сангийн хүрээнд баригдах)-т болон голд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ