Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж нь лаг боловсруулах технологи дамжлагагүйн улмаас хоногт 1000-1200 м3 лаг /10 тоннын даацтай машинаар өдөрт 100 удаа зөөх хэмжээний/-ийг ил задгай талбайд хатааж, хот орчмын агаарыг бохирдуулан иргэдийн ажиллаж, амьдрах тав тухыг алдагдуулсаар олон жил болсон.
Дээрх асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн лагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтоолыг батлуулж, төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан болон өдөр тутамд гардаг лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэн боловсруулах ажлыг эхлүүлсэн юм.
Энэ ажлын хүрээнд лагийг боловсруулж бордоо гаргахаар “Эко Тайхи” ХХК, Япон Улсын “Эко энержи систем” ХХК, хар шороон хөрс гаргахаар “Ховд тул” ХХК шалгарч 2018 оноос эхлэн ажиллаж байна.
Энэ хугацаанд өдөр тутам гарч байгаа 200 орчим мянган м3 лаг, 44 ш картан дахь 294 мянган м3 лаг, хуримтлагдсан 241 мянган м3 лагийг үнэргүйжүүлж, бордоо, хөрс болгон боловсруулах ажил хийгдэж байна.
Лагийг боловсруулан гарган авсан бордоо, хар шороон хөрснөөс дээж авч “Гацуурт” ХХК-ийн Хөдөө аж ахуйн нэгдсэн лабораторийн Хөрсний шинжилгээний лаборатори, Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Хөрс агрохимийн лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэнгийн Паразит судлалын лаборатори болон Япон Улсын Ямамото Жёока Коогёо ХК-ийн харьяа Байгаль орчны шинжилгээний хүрээлэнгийн лабораториудад шинжлүүлж, байгаль орчны нөхөн сэргээлтэд ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гарсан.
Дүгнэлтэд үндэслэн нохойн хошуу, нэг наст болон олон наст, тасалгааны цэцгийг тариалж ургамлын өсөлт хөгжил, ургамалд нөлөөлөх нөлөөллийн туршилт, судалгааны ажлуудыг үе шаттайгаар гүйцэтгэж, таримал ургамалд мөн хөрсний үржил шимийг сайжруулах, байгаль орчны нөхөн сэргээх зорилгоор хоёрдогч түүхий эд болгон ашиглах боломжтой болж байна.
Одоогийн байдлаар боловсруулсан бордоог хүнсний ногоо 14 төрөл, тасалгааны 50 орчим цэцэг, хайлаас модыг үрээр, үхрийн нүд үрсэлгээгээр, хөх тариа, буудай гэсэн төрлүүдээр ургамлын өсөлт хөгжилтийн нөлөөлөл болон аюулгүй байдлын туршилт судалгааг явуулж байгаа юм.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгонд Нийслэлийн Байгаль орчны газартай хамтран 1 га газарт 700 ширхэг мод тарихад лагаас гарган авсан бордоог ашиглаад байна.
Тус бордоо нь химийн нэмэлт бодисгүй, эрдсээр баялаг бөгөөд ойн хөрсний үнэртэй, ашигтай амьд бактер агуулсан тул хөрсний амьсгалах чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ ус хуримтлуулах чадварыг нь нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Сүүлийн 30 жилийн хугацаанд Нийслэлийн ногоон байгууламжийг өргөжүүлэх, арчлан тордоход зориулан жилд 15000-20000 м3 хар шороон хөрсийг хотын ойр орчмоос зөөвөрлөн хэрэглэж байгаа бөгөөд хотын ногоон бүсээс хар шороон хөрс олборлох нөөцгүй болсон талаар эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд анхааруулсаар байна.
Иймд дээрх хэрэгцээг лагийг боловсруулан гарган авсан бордоо, хар шороон хөрсөөр орлуулан хангах боломж бүрдэж байгаа бөгөөд дараах зориулалтаар ашиглахад тохиромжтой.
Үүнд:
Уул уурхайн нөхөн сэргээлт, хөрсний доройтлыг арилгах, хотын ногоон байгууламжид ашиглах, гэр хорооллын хөрсний бохирдлыг арилгах, нүхэн жорлонг цэвэрлэх, үнэргүйжүүлэх, ариутгах, хар шороон хөрсийг орлуулах, цахилгаан станцуудын үнсэн санг хучих, хог хаягдлыг булахад хучих зэргээр ашиглах боломжтой юм.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ