БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

ШИЛДЭГ ИНЖЕНЕРҮҮДИЙГ БЭЛТГЭДЭГ БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН ТҮҮХ 60 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

2019-09-20
ШИЛДЭГ ИНЖЕНЕРҮҮДИЙГ БЭЛТГЭДЭГ БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН ТҮҮХ 60 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Монгол улсын бүтээн байгуулалт, хөгжилд барилгын инженер, техникийн ажилтны хүч хөдөлмөр үнэлж баршгүй их билээ. Тэгвэл Монгол улсын шилдэг инженерүүдийг бэлтгэдэг ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн түүх 60 жилийн ой тохиож байна.

Түүхт ойн баяраа тохиолдуулан баярын хурал зохион байгуулж, үе үеийн барилгын инженер, техникийн ажилтан, алба хаагчид, сургуулийн үе үеийн удирдлага, сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн багш нартаа хүндэтгэл үзүүллээ. 

Баярын хуралд сургуулийн удирдлага, эрдэмтэн багш нараас гадна салбарт олон жил хүч хөдөлмөрөө зориулан ажилласан ахмад инженерүүд, төгсөгчид, БХБЯ, БСШУСЯ-ны удирдлагууд, бусад төлөөлөл оролцлоо. 

Түүхт ойгоо тэмдэглэж буй ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн нийт хамт олон, үе үеийн төгсөгчид, барилгын салбарын нийт инженер, техникийн алба хаагчдад халуун баяр хүргэж, Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр "1959 онд анх 23 оюутантайгаар байгуулагдаж байсан тус сургууль өнөөдөр 4000 гаруй оюутантай болж өргөжин тэлж, тус сургуулийн төгсөгчид, барилгын салбарынхан инженерийн болон барилга архитектур, экстерьер, дизайны цогц шийдэл бүхий орчин цагийн барилга, байгууламжуудыг сүндэрлүүлж, хот байгуулалтын салбараа  өргөжин хөгжүүлсээр байгааг баярын өдөр тэмдэглэн хэлэхийг хүсэж байна" гэлээ. Энэ үеэр БХБЯ-ны хүндэт өргөмжлөлийг гардуулан, ажлын амжилт хүслээ. 

Өнөөгийн байдлаар салбарын хэмжээнд барилга угсралт, зураг төслийн 6947,  барилгын материалын 746 тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага үйлдвэрлэл эрхэлж, 76596 ажиллагсад ажиллаж байна. Барилга, хот байгуулалтын салбарын мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд болон мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүд 2019 оны байдлаар нийт 72 мэргэжлээр 1480 инженер техникийн ажилтан, барилгын өргөн мэргэжлээр 13825 ажилчин сурган бэлтгэж, мэргэжил эзэмшүүлэн төгсгөжээ.

Улс орны хөгжлийн түүхэн үе шатанд үндэсний инженер техникийн мэргэжлийн боловсон хүчнийг гадаад дотоодод бэлтгэх зайлшгүй шаардлага бий болсонтой уялдуулан БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1959 онд МУИС-ийн бүрэлдэхүүнд Барилгын инженерийн ангийг нээснээр Барилга, Архитектурын Сургуулийн үндэс суурь тавигдсан түүхтэй. Өдгөө Барилгын инженер, Архитектур, Хүрээлэн буй орчин гэсэн 3 чиглэлээр инженерүүдийг бэлтгэдэг 181 профессор, багш ажилтантай бакалавр, магистр, доктор нийлсэн 4000 орчим оюутантай томоохон сургууль болтлоо өсөн дэвжсэн байна. 

Тус сургууль нь эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц шилдэг шинэ технологийг бүтээн бий болгох, дэлхийн олон их сургуулиуд болон эрдэмтэдтэй хамтран ажиллах, шинжлэх ухаан технологийн салбарт тулгамдаж буй олон асуудлыг шийдэх чадвартай боловсон хүчин бэлтгэх, судалгаанд суурилсан тэргүүлэх бүрэлдэхүүн сургууль болон хөгжих эрхэм зорилготой ажиллаж жаран намартайгаа золгож байна. 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх