Монгол Улсын Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яамны "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж, барилга, хот байгуулалтын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, харьяа газар, агентлагууд, мэргэжлийн холбоод, нийслэлийн захиргааны байгууллагууд, барилгын салбарын ААН-үүд оролцож өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, бүтээн байгуулалтаа танилцуулан иргэдэд үйлчиллээ.
Барилга, хот байгуулалтын салбар бол Монгол улсын бүтээн байгуулалтын гол талбар. Энэ ч утгаараа нийгэм, эдийн засгийн хөгжилд хүчтэй нөлөө үзүүлж байдаг. Тус яам хот байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүй, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын үр нөлөөг дээшлүүлэх замаар хүн амын эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой ажиллаж байна.
Барилга, хот байгуулалтын салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж, үйл ажиллагаа өргөжин тэлж, үндэсний хэмжээний бүтээн байгуулалт өрнөж, нийгэм, эдийн засагт нөлөөлөхүйц томоохон төсөл арга хэмжээ амжилттай хэрэгжиж байна.
БАРИЛГЫН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН ЧАДАВХ ИРЭХ 10 ЖИЛД ДӨРӨВ ДАХИН НЭМЭГДЭНЭ
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 70 дугаар тогтоолоор “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ыг батлуулснаар төрийн бодлогын залгамж чанар, салбар хоорондын уялдааг сайжруулах, салбарын хөгжлийг судалгаанд суурилсан техникийн нэгдсэн бодлогоор хангах, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой ахиц гаргах нөхцөл бүрдлээ. Энэхүү бодлогын баримт бичигт тусгагдсан 8 үндсэн чиглэлийн хүрээнд 8 зорилт, 25 үйл ажиллагааг 2029 оныг хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Үүний үр дүнд салбарын өнөөгийн чадавх 2020 онд 1.38 дахин, 2025 онд 2.6 дахин, 2028 онд 3.9 дахин өсөхөөр тооцож байна.
БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН НОРМ, НОРМАТИВЫН БАРИМТ БИЧГИЙН ЕРӨНХИЙ ТОГТОЛЦОО ШИНЭЧЛЭГДЛЭЭ
“Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо”-г Засгийн газрын 2019 оны 70, 106 дугаар тогтоолоор шинэчлэн батлуулж, барилга, хот байгуулалтын салбарт мөрдөж буй норм, норматив баримт бичгийг боловсронгуй болгох, олон улсын жишигт хүргэхэд чиглэсэн нэгдсэн бодлого зохицуулалтын тогтолцоог бүрдүүллээ.
ИРЭХ ТАВАН ЖИЛД 150 МЯНГАН АЙЛЫГ ИНЖЕНЕРИЙН БҮРЭН ХАНГАМЖТАЙ ОРОН СУУЦААР ХАНГАНА
“Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн дагуу Барилга, хот байгуулалтын яамнаас “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газрын 2019 оны 202 дугаар тогтоолоор батлууллаа. Хөтөлбөрийн үр дүнд иргэдийн худалдан авах чадварт нийцсэн, Монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, инженерийн бүрэн хангамжтай орон сууцаар 2023 он гэхэд нийт хүн амын 66.6 хувийг хангахаар төлөвлөн ажиллаж байна.
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ 2 ДАХИН НЭМЭГДҮҮЛЭВ
Барилга, хот байгуулалтын яамаас ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд арилжааны банкуудын хөрөнгө оруулалтыг зээлийн санхүүжилтийн эх үүсвэрт татан оруулах хувилбарыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2018 оны 35 дугаар тогтоол, уг зээлд хамрагдах иргэдийн нөхцөл, шаардлагыг тодорхойлсон “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг Засгийн газрын 2018 оны 369 дүгээр тогтоолоор тус тус батлуулж, анх удаагаа ипотекийн зээлийн хүртээмжийг 2 дахин нэмэгдүүллээ.
Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны эхний 08 дугаар сарын байдлаар нийт 283 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 3963 иргэнд олгоод байна. Үүнээс:
Монгол банкны эх үүсвэрээс: 127.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1739 иргэнд;
Засгийн газрын эх үүсвэрээс: 75,0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1188 иргэнд;
Банкууд өөрийн эх үүсвэрээс: 80.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1036 иргэнд тус тус олгожээ.
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ САНГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд түрээсийн 3054 айлын орон сууцны санг бүрдүүллээ.
Хөгжлийн банкны санхүүжилтээр орон нутагт 570 айл, Улаанбаатар хотод 972 айл, нийт 1542 айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулсан. Эдгээр орон сууцыг орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэн өгөх шийдвэрийг Засгийн газрын 2019 оны 223 дугаар тогтоолоор гаргаад байна.
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦЫГ ӨМЧИЛЖ АВАХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 138 дугаар тогтоолоор “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-ыг батлуулж, иргэд өөрсдийн түрээсэлж буй орон сууцыг тухайн орон сууцны эзэмшигчтэй тохиролцон гэрээ байгуулсны үндсэн дээр 5 хүртэл жилийн хугацаанд нийт төлбөр, эсхүл урьдчилгаа төлбөрийг бүрдүүлж ипотекийн зээлд хамрагдах боломжтой болсон. Түүнчлэн иргэдээс төлсөн төлбөрийг зөвхөн түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх зардалд зарцуулахаар тусгаад байна. Засгийн газрын 223 дугаар тогтоолын дагуу дээрх орон сууцыг орон нутаг болон нийслэлийн захиргаанд шилжүүлэв.
БАРИЛГЫН КОМПАНИУД ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
Барилгын компаниуд өөрсдийн санаачлагаар түрээсийн орон сууцны төсөл хэрэгжүүлж эхэллээ. Улаанбаатар хотод 2019 оны хагас жилийн байдлаар орон сууцны зах зээл дээр 22 аж ахуйн 32 төслийн 3877 айлын орон сууцны төслийг 1-5 жилийн хугацаатай түрээслүүлээд өмчлүүлэх замаар борлуулж байгаагаас 2496 айлын орон сууцыг түрээсэлж, 1381 айлын орон сууц түрээслэгдээгүй байна. Түрээслүүлээд өмчлүүлэх замаар борлуулж буй орон сууцны борлуулалтын явц 64 хувьтай явагдаж буй бөгөөд “Бармон” ХХК Чингэлтэй дүүргийн 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн 1000 орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 234 айлын орон сууцыг 5 хүртэл жилийн хугацаатай хүүгүйгээр түрээслээд өмчлүүлэхээр төлөвлөж байна.
Дээрх төслийн хүрээнд 3358 өрхийн 43 блок орон сууцны барилга, 720 хүүхдийн ортой цэцэрлэг, 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгуудыг тус тус ашиглалтад оруулах юм. Түүнчлэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Шинэ үе констракшн” ХХК-ийн “Санни Сайд апартмент”, “Оч-Үжин” ХХК-ийн “Би-ван” /B-оne/ түрээслүүлээд өмчлүүлэх орон сууцны төсөл хэрэгжүүлж байна.
“НОГООН НУУР 1008 АЙЛЫН ОРОН СУУЦ” ТӨСӨЛ
БНХАУ-ын Засгийн газрын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 9-р хороо, “Ногоон нуур орчмын 1008 айлын орон сууц” төслийг эхлүүлж, барилгын угсралтын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Төслийн хүрээнд гүйцэтгэж 5,37га талбайд 8 блок 1008 айлын орон сууц, 960 хүүхдийн багтаамжтай дунд сургууль, 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, ил болон далд 607 автомашины зогсоолтой иж бүрэн хотхон барьж байгуулна.
“СОЛОНГО-1,2” ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН ТӨСӨЛ
Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсын Засгийн газарт агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны хүрээнд 500.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөсний дагуу иргэдийг орон сууцжуулахад зориулан “ТОСК” ТӨҮГ, “НОСК” ОНӨҮГ-уудын хэрэгжүүлэх “Солонго-1”, “Солонго-2”, “Баянголын ам”-ны нийт 7000 айлын түрээсийн орон сууцны санг бүрдүүлэхээр БНСУ-ын талтай санамж бичгийг 2019 оны 3 дугаар сард байгуулсан. БНСУ-ын талаас төслийн хөрөнгө оруулалтыг 2020 оноос эхлэн олгохоор тохиролцоод, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хийж байна.
ГАЗРЫН СУУРЬ ҮНЭЛГЭЭГ ШИНЭЧИЛЭН ТОГТООЛОО
1997 оноос хойш шинэчлээгүй 20 гаруй жил болоод байсан газрын суурь үнэлгээг шинэчилэн тогтоолоо. Газрын нэгдмэл сангийн үнэлгээний бүсийг байгаль, нутаг дэвсгэрийн цогцолбор нөхцөлийн мужлалыг үндэслэн 31 тойрог болгов. Тойрог тус бүрт харгалзах хөдөө аж ахуйн газрын суурь үнэлгээг тариалан, хадлан, бэлчээр гэсэн газар ашиглалтын 3 зориулалтаар газар зүйн байршил болон газрын үржил шим, өгөөжөөс үүсэх ялгаварт орлого зэргийг харгалзан ялгавартайгаар, төв суурин газрын суурь үнэлгээг тогтоохдоо газрын зах зээлийн үнийн мэдээнд шинжилгээ хийж, түүн дээрээ газрын үнэд нөлөөлөх гол хүчин зүйлүүд болох байршил, инженерийн хангамж, нийгэм, эдийн засгийн болон инженер, геологи, байгаль орчны нөхцөл, ашиглах зориулалтыг харгалзан хот, тосгон, суурин газрын үнэлгээний зэрэглэлээр ялгавартайгаар тус тус нарийвчлан тогтоолоо.
МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН НУТАГШИЛТ, СУУРЬШЛЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨСӨЛ
Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгуур баримт бичиг болох “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг боловсруулах, батлуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хороог байгуулан, мэргэжлийн судлаач, шинжээчдийн баг тус төслийг боловсруулах ажлыг гүйцэтгэж байна.
“Монгол Улсын хүн амын нуташилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд байгалийн нөхцөл, нөөц, экологийн тэнцвэрт байдал, хот байгуулалтын сөрөг үр дагаварт иж бүрэн үнэлгээ өгсний үндсэн дээр хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих дэд бүтцийн үндсэн сүлжээ, бүс нутгийн оновчтой бүтэц, хот тосгоны тогтолцоог бүрдүүлэх нутаг дэвсгэр, орон зайн төлөвлөлтийн урт хугацааны нэгдсэн бодлогын тулгуур баримт бичиг болно.
Дээрх төслийн хүрээнд Японы Олон улсын Хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагатай хамтран “Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулах төсөл”-ийг 2018 оны 12 дугаар сараас, Азийн хөгжлийн банктай хамтран “Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн хөтөлбөр”-ийг 2019 оны 06 дугаар сараас хэрэгжүүлж эхлээд байна.
ШИНЭ ХОТ, БҮСИЙН ТУЛГУУР ТӨВ, ДАГУУЛ, ХАЯА ХОТЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
“Аэросити” шинэ хот: Хүн амыг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдарч, амрах нөхцлөөр хангасан, ухаалаг тээврийн сүлжээг нэвтрүүлсэн, бизнесийн таатай орчинг бүрдүүлсэн нээлттэй хот болон хөгжиж улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулна.
Төлөвлөлтийн хугацаа: 2018-2038 он
Хүн амын тоо: 34,000
Нутаг дэвсгэрийн хэмжээ: 21993 га
Төвийн бүсийн тулгуур төв Зуунмод хот: Ногоон хөгжлийн загвараар эх газрын боомт, тээвэр ложистик /HUB/, аялал жуулчлал болон дэвшилтэт үйлдвэрлэлийн инновацийн хот болгон хөгжүүлнэ.
Төлөвлөлтийн хугацаа: 2015-2030 он
Хүн амын тоо: 70,000
Нутаг дэвсгэрийн хэмжээ:2500 га
Багануур хот: Уул уурхай, эрчим хүч, барилгын материалын үйлдвэрлэл болон хөнгөн, хүнсний боловсруулах үйлдвэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл голлосон эдийн засагтаа тулгуурлан мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.
Төлөвлөлтийн хугацаа: 2015-2030 он
Хүн амын тоо: 60,000
Нутаг дэвсгэрийн хэмжээ: 62002 га
БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ӨСӨН НЭМЭГДЭЖ БАЙНА
Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 2019 оны хагас жилийн өсөлтөд аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 230.7 (9.3%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2019 оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр 1.8 их наяд төгрөгт хүрч, 1.7 (94.1%) их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 108.3 (5.9%) тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 199.7 (12.1%) тэрбум төгрөгөөр өслөө.
Сүүлийн 5 жилд дотоодын цементийн үйлдвэрлэл 6 дахин, бетон зуурмагийн үйлдвэрлэл 4 дахин, тоосгоны үйлдвэрлэл 1,5 дахин, хөнгөн бетоны үйлдвэрлэл 2 дахин, бусад үйлдвэрлэл 1-5 дахин нэмэгдсэн нь барилгын салбарын өрсөлдөх чадвар, хүчин чадал өсөн нэмэгдэж буйг харуулж байна.
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН АЖИЛ ЭРЧИМТЭЙ ӨРНӨЖ БАЙНА
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийн шавыг 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.
Энэхүү төслийн хүрээнд төв цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лагийг бүрэн боловсруулах, үнэргүйжүүлэх, дахин ашиглах технологи нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд төв цэвэрлэх байгууламжийн лаг өтгөрүүлэх, үнэргүйжүүлэх төхөөрөмжийг суурилуулж ашиглалтанд оруулсан бөгөөд энэ онд лагийг үнэргүйжүүлж дуусна.
“ЛАГ УСГҮЙЖҮҮЛЭХ БАЙГУУЛАМЖ” АШИГЛАЛТАД ОРЛОО
Төв цэвэрлэх байгууламжийн лагийн талаар авах зарим арга хэмжээний хүрээнд лаг усгүйжүүлэх байгууламжийг барих ажлыг хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү байгууламж нь хоногт 1000 м3 идэвхит лаг, 1500 м3 түүхий лагийг усгүйжүүлэх хүчин чадалтай. Тус байгууламж ашиглалтад орсноор өнөөдөр төв цэвэрлэх байгууламжид өдөр тутам гардаг түүхий лагийг ил задгай лаг хатаадаг байсныг бүрэн зогсоож, усгүйжүүлэн лагийн хэмжээг 5-8 дахин бууруулж, үнэрийг багасгана. БХБЯ Лаг усгүйжүүлэх байгууламжийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Ус сувгийн удирдах газарт бүрэн хүлээлгэн өглөө. Цаашид уг байгууламжийн ашиглалт, үйл ажиллагааг Улаанбаатар хотын захиргаа бүрэн хариуцан ажиллах юм.
АЙМГУУД БИОЛОГИ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ӨНДӨР БҮТЭЭМЖТЭЙ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Томоохон хот, суурин газрын цэвэрлэх байгууламжийг үе шаттай шинэчлэх ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Өвөрхангай, Архангай, Дорноговь, Өмнөговь, Булган, Хөвсгөл, Хэнтий, Дундговь, Сүхбаатар, Дархан аймагт хоногт 3000 метр куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Баян-Өлгий, Завхан, Увс, Дорнод, Говьсүмбэр аймгуудад цэвэрлэх байгууламжийг шинээр барих, өргөтгөн шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Мөн Франц улсын зээл тусламжаар Эрдэнэт хотын шинэ цэвэрлэх байгууламжийг барьж дуусган ашиглахад бэлэн болоод байна.
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙГ УНДНЫ ЦЭВЭР УСААР ХАНГАНА
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газрын хооронд 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 14 сая еврогийн хөнгөлттэй зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэх “Тайшир-Алтай ус хангамж” төслийн инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг Говь-Алтай аймагт хэрэгжүүлж одоогоор бүтээн байгуулалтын ажил 50 гаруй хувьтай явагдаж байна. Тайширын усан сангаас эргийн далд байгууламжаар усыг шүүрүүлэн авч 50 гаруй км орчим урттай далд яндан хоолойгоор дамжуулан Алтай хотод хүргэнэ. Үүний үр дүнд Алтай хотын 19 мянган хүн амын амьдрах нөхцөл болон тэдэнд үзүүлэх усны үйлчилгээний чанар дээшилнэ.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ