БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

“Инженерийн дэд бүтцэд тулгамдсан асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэн ажиллаж байна”

2019-10-10
“Инженерийн дэд бүтцэд тулгамдсан асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэн ажиллаж байна”

Барилга хот байгуулалтын яамны Инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Батжаргалтай ярилцлаа.

-Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлд Барилга хот байгуулалтын яамнааc ямар бодлого гаргаж, арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар яамны зүгээс хэд хэдэн бодлогыг барьж ажиллаж байна. Үүний нэгдүгээрт мэдээж иргэдийг орон сууцжуулах асуудал багтана. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Барилга, хот байгуулалтын яамнаас “150.000 айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж, Засгийн газрын /2019.5.22/ хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан. Энэ хүрээнд иргэдэд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, зээлийг түлхүү олгох асуудал дээр анхаарал хандуулан ажиллаж байна.

Хоёрдугаар асуудал бол, түрээсийн орон сууц хөтөлбөр. Ингэхдээ орон сууц шууд худалдаж авах боломжгүй залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү түрээсийн орон сууцны бодлогыг чиглүүлэн ажиллаж байна. Гурав дахь асуудал бол, гэр хорооллын дахин төлөвлөлт болон ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг нурааж дахин барилгажуулах ажил. Энэ хүрээнд тодорхой ажлууд хийгдээд үр дүн нь эхнээсээ гараад явж байна.

-Бидний нэрлэж заншсанаар “Дэнжийн мянга” орчимд дахин төлөвлөлтийн ажил өрнөж байгаа. Энэ бүтээн байгуулалтад салбарын яамнаас ямар үүрэг оролцоотойгоор ажиллаж байна вэ?

-Чингэлтэй дүүргийн “Дэнжийн мянга” хороололд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг “Бармон” ХХК, “Монкон групп” ХХК гэсэн хоёр компани хэрэгжүүлж байна. “Монкон групп” ХХК-ийн тухайд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх боломжгүй гэдэг шийдвэр гараад батламж нь цуцлагдчихсан байгаа.

Бармон компанийн тухайд одоогийн байдлаар 234 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр тухайн бүс нутагт 5.000 айлын орон сууц барина гэсэн төлөвлөгөө гарсан. Энэ төлөвлөлттэй холбогдуулан БХБЯ-ны зүгээс хөрөнгө оруулалт хийж ус дулаан дамжуулах төв “ЦТП”, цэвэр, бохир ус, холбоо дохиолол, цахилгаан хангамж гэх мэт инженерийн шийдлийн асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэж ажиллалаа. Ингэснээрээ тухайн гэр хорооллын бүс нутагт 5000 айл орон сууцанд орох боломж бүрдэж байгаа юм.

Ирэх жил “Бармон” компани Дэнжийн мянгын байршилд мөн адил 234 айлыг орон сууцанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогийн байдлаар барилга угсралтын ажил нь 80 гаруй хувьтай явагдаж байгаа юм билээ. Энэ хэрээрээ агаар, хөрсний бохирдол нилээдгүй хэмжээгээр буурах боломж бүрдэж байна.

-Хан-Уул дүүргийн “Нэхмэлийн шар”-ын хуучин барилгуудыг нурааж шинээр орон сууц барих бүтээн байгуулалт өрнөж байгаа. Энэ ажлын инженерийн шугам сүлжээний ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-БХБЯ-ны зүгээс гэр хорооллын дахин төлөвлөлтөөс гадна ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин барилгажуулах төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа гэдгийг дээр дурдсан.

Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин барилгажуулах төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 2,3 буюу “Нэхмэлийн шар”-ын хуучин барилгуудыг нурааж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар орон сууцны барилгуудыг барьж байна.

Одоогийн байдлаар тэнд “Фүжи холдинг” ХХК, “Нутгийн буян” ХХК, “ММЖИ Капитал” ХХК гэсэн компаниуд орон сууцаа бариад дуусах шатандаа явж байна.

Үүнтэй холбогдуулаад яамны зүгээс төвийн дулааны “Ф400 мм”-ийн шугамыг татаж тухайн бүсэд аваачсан. Ингэснээр “Нэхмэлийн шар” орчимд баригдаж байгаа орон сууцууд найдвартай дулаанаар хангахдах  боломж бүрдэж байгаа юм.

Мөн цэвэр усны шугамыг шинэчлэх ажлыг хийлээ. Бохир усны шугамын тухайд өмнө байсан “Ф300 мм”-ийн шугамыг өргөтгөөд “Ф500 мм”-ийн шугам болгохоор ажиллаж байна. Холбоо дохиоллын ажлууд бүрэн хийгдэж дууссан. Өөрөөр хэлбэл, энэ нь тэнд амьдарч байгаа оршин суугчид болон ААН-ээс ирүүлсэн санал хүсэлт бүрэн шийдвэрлэгдсэн гэсэн үг. Инженерийн асуудлыг ингэж цогцоор шийдсэн нь “Нэхмэлийн шар” орчимд энэ жилдээ багтан 400 орчим айл орон сууцанд орох боломжийг бүрдүүлж байгаа юм.

Тухайн бүсэд төсөл хэрэгжүүлэгч компаниуд ирэх жил мөн адил хэмжээний орон сууцыг барихаар барилга угсралтын ажлаа эхлүүлээд явж байна. Энэ бол инженерийн шугам сүлжээний даах ачаалал, хүртээмжийг нэмэгдүүлснээр иргэдийг орон сууцжуулах, нөгөө талаар агаарын бохирдлыг бууруулахад нөлөө үзүүлэхүйц тод жишээ юм.

-Үүнээс гадна “Буят-Ухаа 2” хорооллын инженерийн шийдлийг БХБЯ-наас хариуцаж хийсэн гэж сонссон. Үр дүнд нь айл өрхүүд өнөө маргаашгүй орон сууцдаа орох гэж байгаа юм билээ?

-Ер нь бол нь салбарын яамны зүгээс гэр хорооллын дахин төлөвлөлт болон ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудын төв магистрал шугамыг барих үүрэгтэй байдаг. Энэ хүрээнд манай яамны зүгээс энэ жил хоёр том бүтээн байгуулалтыг хийж дуусгасан.

Агаар орчны бохирдолтой холбоотойгоор хэрэгжүүлж байгаа томоохон ажил бол түрээсийн орон сууц хөтөлбөр. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 1542 түрээсийн орон сууц байна. Энэ жилдээ багтааж 1512 айлыг түрээсийн орон сууцанд хамруулсан.

Энэ хүрээнд Улаанбаатар хотод “Буянт-Ухаа” 2 орон сууцны хороололд 972 айлын 18 блок  барилгыг бүрэн барьж, ашиглалтад оруулаад байна. Энэ долоо хоногийн сүүлээр Нийслэлийн орон сууцны корпароциас сонгогдсон айлуудаа эхнээс нь орон сууцад оруулах юм билээ. Энэ ажлыг НЗДТГ 100 хувь хариуцаад хийж байгаа.

Манай яамны зүгээс “Буянт-Ухаа 2”  хорооллын гадна инженерийн шугам, сүлжээ болон тухайн барилгын санхүүжилтийг Хөгжлийн банкны санхүүжилтээр шийдэж хяналт тавьж ажилласан. Энэ хүрээнд “Буянт-Ухаа 2” хороололд ус дулаан дамжуулах томоохон ЦТП-г барьж инженерийн шугам сүлжээний шийдлийг БХБЯ-наас хангаж ажилласны үр дүнд энэ барилга ашиглалтад орж байна.

 

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх