БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

“Германы олон улсын хамтын ажиллагааны  нийгэмлэг”-ийн /GIZ/ чиглэлээр “Барилгын салбар дахь стратегийн түншлэл” төслийн нээлт боллоо

2019-10-11
“Германы олон улсын хамтын ажиллагааны  нийгэмлэг”-ийн /GIZ/ чиглэлээр “Барилгын салбар дахь стратегийн түншлэл” төслийн нээлт боллоо

“Барилгын салбар дахь стратегийн түншлэл” төслийн нээлт өнөөдөр /2019.10.11/ Улаанбаатар хотноо боллоо.  Нээлтийн үйл ажиллагаанд Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг болон Германы олон улсын хамтын ажиллагааны  нийгэмлэгийн суурин төлөөлөгч Даниел Пассон тэргүүтэй албаны хүмүүс болон төсөлд хамрагдаж байгаа Герман, Монголын хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.

Төслийн нээлтийн үеэр Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар: “Эрчим хүчний зарцуулалт болон үр ашигтай орон сууц, барилга байгууламж барих, дэд бүтцийг хөгжүүлэх нь дэлхий дахинаа улам бүр чухал болж байна. Барилга угсралтын салбар дахь эрчим хүчний үр ашиг, дэд бүтцийг хөгжүүлэх асуудал нь Монгол Улсын Засгийн газрын чухал ач холбогдолтой зорилтуудад багтдаг хэдий ч энэ салбарт хангалттай тооны мэдлэг ур чадвартай мэргэжилтэй ажилтан хомс байна. Тиймээс орчин үеийн техник, технологийн мэдлэгтэй, ур чадвартай ажилчдыг нэн түрүүнд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудаар дамжуулан бэлтгэх, давтан сургах хэрэгтэй байна.

Түүнчлэн энэхүү асуудалд шийдэл олохоор өртөг багатай, нөөцийн хэмнэлттэй, эрчим хүчний үр ашигтай барилга угсралтыг хэрэгжүүлэн, барилгын материалын орчин үеийн техник, технологийн шийдлийг нэвтрүүлэх чиглэлд төр, хувийн хэвшлийн стратегийн түншлэлийг бий болгох зорилгоор “Барилгын салбар дахь стратегийн түншлэл” төслийг эхлүүлэх болсонд талархаж байна” хэмээн онцлон тэмдэглэв.

 

Монгол Улсын барилгын салбарт мэргэжилтэй ажилтныг үйлдвэр дээр бэлтгэх, сургалтын чанарыг сайжруулах, эрчим хүчний технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхэд чиглэж байгаа бөгөөд төсөл нь 2019 оны 9 дүгээр сараас 2022 оны 8 дугаар сарыг дуустал гурван жилийн хугацаанд хэрэгжихээр төлөвлөгдсөн.

Төсөл хэрэгжих хугацаанд барилгын салбарт ажиллаж буй мэргэжилтэй ажилтнуудыг чадавхижуулах, сургалтын агуулгыг боловсруулахаас гадна уг сургалтыг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын сургалттай нэгтгэж, сайжруулна гэдгийг Германы олон улсын хамтын ажиллагааны  нийгэмлэгийн /ГОУХАН/ суурин төлөөлөгч энэ үеэр мэдэгдлээ.

Мөн төслийн явцад барилгын салбарын мэргэжилтнүүдийг шинэ мэдлэг, мэдээллээр тогтмол хангах зорилгоор “Тогтвортой барилга угсралтын чадамжийн төв”-ийг үүсгэн байгуулах юм.

Төслийн зохицуулагчаар Барилга, Хот байгуулалтын яам, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам ажиллах бол хувийн хэвшлийг төлөөлж ХБНГУ-ын талаас “Папенбург Машинебау”, “Хаас Фэртихьбау” зэрэг компаниуд, Монголын талаас “Эрэл Групп” ХХК, “Норбру” ХХК, “Монгол Базальт” ХК, “Пирамид Индастри” ХХК, “Шилэн Хийц” ХХК, “Улаанбаатар БҮК” ХК оролцож өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дэмжлэг үзүүлэн ажиллахаар боллоо.

 

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх