Барилгын материалын зориулалттай эрдэс түүхий эдийн ордын илэрцүүд, барилгын материалын үйлдвэрүүдийн байршлыг Монгол Улсын газрын зураг дээр байршуулах төслийг БХБЯ-ны харьяа Барилгын хөгжлийн төвийн захиалгаар "Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-аас Барилгын хөгжлийн төвийн Барилга, барилгын материалын үйлдвэрийн хэлтсийн баг хамт олонтой хамтран хийж гүйцэтгэсэн бөгөөд өнөөдөр /2019.10.14/ Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханд гардуулан өглөө.
Барилгын материалын үйлдвэрүүдийн байршил бүхий газрын зургийг гардуулан өгөх үйл ажиллагаанд Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, БХБЯ-ны ББМБХЗГ-ын дарга Б.Гантулга, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, МБМҮХ ТББ-ын гүйцэтгэх захирал О.Лхагвадорж, Н.Оч тэргүүтэй хүмүүс байлцав.
"МБМҮХ” ТББ-аас улсын хэмжээний барилгын материалын орд илэрцүүд, барилгын материалын үйлдвэрүүдийн байршлыг өөрсдийн суурь судалгаа болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Ашигт малтмал газрын тосны газраас 2018 онд боловсруулсан судалгааны материалууд дээр түшиглэн уг зургийг хийж гүйцэтгэжээ.
Мөн Нийслэлийн байгаль орчны газар, ХХААХҮЯ, "Элс хайрга үйлдвэрлэгчдийн холбоо”, "Зам барилгын дүүргэгч материал үйлдвэрлэгчдийн холбоо”, "Хөөсөнцөр хавтан үйлдвэрлэгчдийн холбоо”, "Цонх хаалга үйлдвэрлэгчдийн холбоо” зэрэг мэргэжлийн байгууллага, салбар хороодоос нэмэлт саналыг авч газрын зурагт мэдээллийг баяжуулж ажилласан байна.
Барилгын материалын үйлдвэрүүдийн судалгаанд Улаанбаатар хотоос 554, орон нутгаас 501 нийтдээ энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг 1055 аж ахуйн нэгж хамрагдсан гэдгийг төслийн багийнхан онцолсон юм гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.