Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар “Өмнөговь, Дорноговь аймгийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн МОН-0204 төсөл” 2011-2019 оны хооронд Өмнөговь аймгийн Гурвантэс, Даланзадгад, Ханбогд, Цогтцэций сум, Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сумуудад амжилттай хэрэгжсэн билээ.
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжсэн энэхүү төслийн “Хаалтын ёслол” 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
Тус үйл ажиллагаанд Барилга, Хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, Азийн хөгжлийн банкны дэд бүтцийн төсөл хариуцсан ахлах ажилтан Б.Туул, Барилга, Хот байгуулалтын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн, Төслийн удирдах нэгжийн зохицуулагч Б.Оюун, төсөлд хамрагдсан аймаг, сумдын төлөөлөгчид, гүйцэтгэгч, зөвлөх компаниудын төлөөллүүд оролцлоо.
Төслийн нийт өртөг 21,9 сая ам.доллар байсан бөгөөд (Монгол Улсын Засгийн газар 6.9 сая ам.доллар, Азийн хөгжлийн банк 15,0 сая ам.доллар) төслийн хүрээнд дараах бүтээн байгуулалтын ажлууд хийгджээ. Үүнд:
· Цэвэр усны шугам-38.9 км
· Дулаан шугам-8.9 км
· Бохир усны шугам-35.3 км
· Дулаан дамжуулах төв-3 ш
· Дулааны худгийн угсралт-21 ш
· Бохир усны насос станц-3 ш
· Бохир ус цэвэрлэх байгууламж-2 ш
· Цахилгаан дамжуулах агаарын шугам-10.6 км
· Цахилгаан дамжуулах дэд станц-1 ш
· Гүний худаг-3 ш
· 8.4 МВт уурын зуухны барилга
· Ундны усны сан-4 ш
· Шугамд холбогдсон ус түгээх байр-11 ш
· Хогийн ландфилл-1га талбайд
· Үерийн далан-1.9 км
· Хатуу хучилттай авто зам-6 км
Төсөлд давхардсан тоогоор нийт 28 зөвлөх, барилга угсралтын болон ханган нийлүүлэгчээс бүрдсэн гадаадын 5, дотоодын 23 гүйцэтгэгч оролцож хэрэгжүүлсэн төслийн үр шимийг Өмнөговь, Дорноговь аймгуудын 6 сумдын 74,3 мянган иргэд хүртэж байна.