БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

Шударга ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь сэдэвт сургалт боллоо

2019-12-11
Шударга ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь сэдэвт сургалт боллоо

Дэлхийн улс орнуудын удирдагчид Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцид нэгдэн орохоор 2005 онд Мексикийн Мерида хотноо бага хурал зохион байгуулж 12-р сарын 09-ний өдөр гарын үсгээ зурсанаар энэ өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ-аас албан ёсоор тунхагласан.

Тэгвэл авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан нийслэлийн хот байгуулалт, газрын харилцаа, орон сууц, нийтийн аж ахуйн салбарын албан хаагчдад зориулсан “Шударга ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдөр зохион байгуулагдлаа.

Сургалтыг Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар , Нийслэлийн Засаг Даргын тамгын газар хамтран зохион байгуулсан бөгөөд уг сургалтыг нээж Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ “Манай улсын хувьд НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцид 2005 онд нэгдэж, мөн оны 10 дугаар сарын 27-нд Конвенцийг соёрхон баталснаар Монгол Улс авлигын эсрэг олон улсын үйл хэрэгт хөл нийлүүлэх болсон байна.

Гэвч дэлхийн хамтын нийгэмлэгийн салшгүй бүрэлдэхүүн хэсгийн хувьд олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим хэм хэмжээг шударгаар сахин биелүүлэх үүргээ бүрэн хэрэгжүүлж чадаагүй байгааг хөндлөнгийн шинжээч нарын 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл хийсэн олон удаагийн үнэлгээ дүгнэлт нотлон харуулдаг төдийгүй энэ асуудал үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх түвшинд хүрээд байгааг хэдэн жилийн өмнөөс л эрдэмтэн судлаачид анхааруулсаар байсан юм.

Аль ч улс орны хувьд авлигын асуудлыг нийгмийн хорт хавдар гэж үздэг.

Авлига нийгмийн амьдралын зохистой хэм хэмжээ, тогтоосон хууль, дүрэм журмыг зөрчигдөхөд хүргэдэг учраас шударга бус, тэнцвэргүй байдлыг бий болгодог. Үүнээс болж төрийн үйлчилгээний чанар, хүртээмж буурч, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, ядуурал нэмэгдэж, байгаль орчин доройтон, бохирдож, эдийн засгийн өсөлт удааширдаг.

Өнөөдөр дэлхий даяар авлигатай тэмцэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргасаар байгаа бөгөөд богино хугацаанд тодорхой үр дүнд хүрч чадсан сайн туршлага бүхий улс орнууд ч цөөнгүй бийг та бид мэднэ.


Авлигын эсрэг олон арга хэмжээ байдаг ч хүн хэлэхээс наашгүй, цаас чичихээс наашгүй гэдэг шиг Авлигаас урьдчилан сэргийлэхийн тулд салбар бүрт, шат шатандаа соён гэгээрүүлэх ухуулан таниулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь хүмүүсийн хандлагад эерэг өөрчлөлтийг авч ирэх нь дамжиггүй юм” хэмээн онцолсон юм.


Бүтэн өдөр үргэлжилсэн энэхүү сургалтад:

-“Авлига, ашиг сонирхлын зөрчил гэж юу вэ? түүний мөн чанар, ур чадвар” сэдвээр Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалтын төвийн ахлах прокурор, Хууль цаазын шадар зөвлөх, доктор (Ph.D) Б.Өнөрмаа;

-“Монголын төрт ёсны түүхэн уламжлал төрийн түшээдийн ёс зүйтэй холбогдох нь” сэдвээр Удирдлагын Академийн багш, доктор (Ph.D), профессор Т.Лхагваа;

-“Төрийн байгууллагын болон төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй” сэдвээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудиын газрын референт С.Нямбаяр;

-“Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх нь” сэдвээр Удирдлагын академийн багш, доктор (Ph.D) М.Амартүвшин нар нийслэлийн хот байгуулалт, газрын харилцаа, орон сууц, нийтийн аж ахуйн салбарын албан хаагчдад зориулан лекц уншлаа.

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх