Барилга, байгууламжийн зураг төсөлд магадлал хийх “Экспертүүдийн зөвлөгөөн 2020” арга хэмжээ өчигдөр /2020.01.14/ Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-аас хамтран зохион байгуулсан тус зөвлөгөөнд БХБЯ-ны Төрийн нарын бичгийн дарга С.Магнайсүрэн, БХБЯ-ны газрын дарга Ц.Баярбат, Б.Гүнболд, Б.Гантулга, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын дэд захирал Б.Энхболд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийхэд экспертээр ажилладаг 194 эксперт оролцлоо.
Барилгын зураг төслийн экспертүүдийн энэ удаагийн чуулга уулзалтаар барилгын салбарын норм дүрэм, стандартыг эрэмбэлж, шинэчлэх, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагааны өнөөгийн байдал, барилга байгууламжийн зураг төсөлд тавигдах эрүүл ахуйн нөхцөл шаардлага, анхаарах асуудал зэрэг барилга байгууламжийн зураг төслийг тойрсон асуудлын хүрээнд илтгэл хэлэлцүүлж, санал солилцлоо.
Зөвлөгөөнд оролцож буй экспертүүд 51 чиглэлээр зураг төслийг магадлан баталгаажуулдаг бөгөөд тэд 2019 онд 2400 зураг төсөлд магадлалын үйл ажиллагааг зохион байгуулж ажилласан байна.
“Экспертүүдийн зөвлөгөөн 2020” уулзалтаас дараах гурван багц шийдвэр гарсныг танилцуулж байна.