“Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээр”-ийг 2020 он хүртэл сунгах тухай Солилцох захидалд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БНСУ-ын Засгийн газрыг төлөөлж БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун нар өнөөдөр /2020.05.28/ гарын үсэг зурлаа.
Тус солилцох захидалд гарын үсэг зурснаар Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн тусгайлсан зээлийн хэлэлцээрүүдийг байгуулах боломжтой болж байна.
Ерөнхий хэлэлцээрт 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр гарын үсэг зурсан бөгөөд Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газраас 700 сая ам.доллартай тэнцэх солонгос вонны хөнгөлөлттэй зээлийг жилийн 0.2 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатайгаар авч байгаа юм. Үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 10 жил байх нөхцөлтэй аж.
Гэр хорооллын иргэд орлогод нийцсэн орон сууцтай болно
Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Солонго 1 орон сууцны хороолол барих төсөл”, “Солонго 2 орон сууцны хороолол барих төсөл”, “Баянголын аманд орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурлаа.
Орон сууцны хороолол барих төслүүдэд 381.5 сая ам.доллар зарцуулах бөгөөд зээлийн санхүүжилтээр нийт 7009 айлын түрээсийн орон сууцны хорооллыг барих юм байна.
Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн:
Төслийн хүрээнд 40-50 метр квадрат, 1-2 өрөө бүхий орон сууцнууд баригдахаар төлөвлөгдсөн. Зам, ногоон байгууламж, инженерийн дэд бүтэцтэй, орчин үеийн шийдэл бүхий иргэдийн тав тухыг хангасан орчин үеийн орон сууцнууд баригдана гэж ойлгож болно. Эдгээр орон сууцнууд баригдсанаар Улаанбаатар хотын агаар болон хөрсний бохирдол үлэмж хэмжээгээр буурах ач холбогдолтой.
Ийнхүү гэр хорооллыг дахин төлөвлөх ажил урагшилж, иргэд тав тухтай, орлогод нийцсэн орон сууцтай болох хүсэл нэг шат ахилаа.