БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

Зах зээлд нийлүүлэгдэж буй цементийн үнэ тогтвортой байна

2020-06-11

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин, Барилга, хот байгуулалтын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Баярбат, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр /2020.06.11/ цементийн нийлүүлэлт, борлуулалтын байдалтай газар дээр нь очиж танилцлаа.

Өнгөрсөн сараас эхлэн зах зээлд цементийн хомсдол үүсч, үнэ нь огцом нэмэгдлээ гэх шүүмж иргэдийн зүгээс ирж байсан. Үүнтэй холбоотойгоор салбарын яамнаас тодорхой арга хэмжээ авч ажилласан юм.

Үүнтэй холбогдуулаад ажлын явц ямар байгаатай танилцахаар Шадар сайд Ө.Энхтүвшин эхлээд УБТЗ-ын Ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан анги /44-ийн зах/-д очсон юм.

БХБЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Баярбат:

Цементийн хомсдол бий болж, нийлүүлэлт тасалдаж, борлуулалтын үнэ огцом өссөнөөс үүдэн Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар Ажлын хэсэг байгуулан манай яамнаас тодорхой арга хэмжээ авч ажилласан. Энэ оны эхний 5 сарын байдлаар 38412 тонн ууттай цемент буусан. Үүнээс импортын цемент 27126 тонн, “МАК Цемент” ХХК-ийн 6336 тонн, “Монцемент” ХХК-ийн 990 тонн, Хөтөлийн “Цемент-Шохой” ХК-ийн 3960 тонн тус тус зах зээлд нийлүүлэгдсэн. Одоо нэг тонн цементийн дундаж үнэ 230-240 мянган төгрөг болж буурсан үзүүлэлттэй байна. Үнийн хөөрөгдөл дундын зуучлагчдаас үүдэн бий болж байгааг энд хэлэх нь зүйтэй. Учир нь үйлдвэрүүдээс гарсан бүтээгдэхүүн иргэдийн гар дээр очихдоо огцом өссөн нь тэдэнтэй шууд холбоотой.

Дотоодын ханган нийлүүлэгч компаниудын төлөөлөл хүрэлцэн ирж тэдэнд тулгарч буй асуудал, цаашид ямар арга хэмжээ авч ажиллах гэж буйгаа энэ үеэр Шадар сайдад уламжилж байсан.

Дараа нь Шадар сайд тэргүүтэй албаныхан “Монцемент” ХХК-ийн Улаанбаатар хот дах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм.

“Монцемент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Халиунаа:

Нийслэлд байгуулагдсан манай үйлдвэр жилд 1 сая тонн өндөр чанарын цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ оны эхний 5 сарын байдлаар 180 мянган тонн цемент зах зээлд нийлүүлээд байна.  

Үнийн хувьд бусад өрсөлдөгч компаниудтай ижил түвшинд буюу 1 тонн цементийг 185 мянган төргөрөөр борлуулж  байна.  Зах зээлд цементийн хомсдол үүсээгүй зөвхөн жижиглэнгийн хэрэглэгчдэд очиж буй цемент өндөр үнэтэй байгаа гэдгийг энэ үеэр хэлмээр байна.

Бид байж болох хамгийн доод үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна. Удахгүй дундын зуучлагчдыг халах зорилгоор бид онлайн захиалгын үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл цемент худалдан хүсэлтэй хэн бүхэн гар утсандаа манай апликэйшнийг суулгаад захиалга өгөх боломжтой болно.

Бидэнд учирч байгаа хүндрэлүүдийн тухайд 2013 онд Хөгжлийн банкнаас ам.доллароор авсан зээлээ төгрөгт хөрвүүлэх, цахилгааны тарифаа аж ахуйн нэгжийн тарифаар төлөх, эрчим хүчний тасалдалийг бууруулах чиглэлээр та бүхнээс дэмжлэг хүсч байна.

Эл асуудлаар салбарын яамтай хамтран ажиллаж, яам биднийг дэмжин Эрчим хүчний яамтай уг асуудлаар зөвшилцөж байгаа юм билээ.

Цаашид манай компани үнийн өсөлтийг бий болгож байгаа дундын зуучлагчдыг халах үүднээс борлуулалтын цэгээ нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин:

Цементийн үнэ өслөө, хомсдолд орлоо гэх яриа өнгөрсөн 5 дугаар сараас гарч эхэлсэн. Зарим хүмүүс цемент үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж үнээ нэмлээ гэж ч ярьсан байна. Иймээс өөрийн биеэр нөхцөл байдалтай танилцлаа. Ялангуяа цемент борлуулж байгаа гол цэг дээр очиж үзлээ. Ингээд судлаад үзэхэд цемент үйлдвэрлэгчдэд асуудал алга. Үйл ажиллагаа нь хэвийн, үнээ нэмээгүй. 185 мянган төгрөгөөр борлуулж байна. 44-ийн зах дээрх үнэ, үйлдвэрлэгчдээс гарч байгаа үнэ хоорондын зөрүү асар их байгаа учраас үүнийг зохиомол үнийн хөөрөгдөл гэж ойлгохоор байна. Тиймээс бид ирэх сар хүртэл борлуулалтад хяналт тавьж ажиллах Ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх