“Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийн Төслийн хамтарсан зохицуулах хороо (ТХЗХ)-ны Дөрөвдүгээр хурлыг Дэлхий нийтээр тархаад байгаа аюулт өвчнөөс шалтгаалан цахим хэлбэрээр 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.
Хурал 14.00 цагт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга М. Баярмагнайн нээлтийн үгээр эхлүүлж, БХБЯ-ны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б. Гүнболд хурлын модератор хийлээ.
Энэхүү хуралд Монгол, Япон улсаас нэгэн 50 гаруй хүн зэрэг холбогдож Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төслийн “Эцсийн тайлангийн төсөл 1”-ийг хэлэлцлээ.
Монгол талаас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Стратегийн удирдлага, зохицуулалтын газрын дарга Ш. Мөнхцэрэн, Засгийн газрын ахлах референт Д. Балжинням, ҮХГ-ын дарга Б.Баярсайхан болон Барилга, хот байгуулалтын яам, Эрүүл мэндийн яам, Эрчим хүчний яам, Зам тээврийн хөгжлийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яамдын стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга, мэргэжилтнүүд, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төвийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн 30 гаран төлөөлөл оролцлоо.
Японы талаас ЖАЙКА -н төв байгууллагын Нийгмийн дэд бүтцийн хэлтсийн орлогч дарга Хитоши Ара болн төв байгууллагын 4 оролцогч, ЖАЙКА-н Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Эрико Тамура болон салбар хариуцсан ажилтнууд, ЖАЙКА-н төслийн багийн ахлагч Цуёоши Хашимото болон төслийн багийн зөвлөхүүдээс бүрдсэн нийт 16 оролцогч оролцов.
Монголын тал “Эцсийн тайлангийн төсөл 1”-д тусгасан хөгжлийн загвар, алсын харааг ерөнхийд нь дэмжиж, хөгжлийн хувилбаруудыг илүү боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050”, Бүсчилсэн хөгжлийн бодлого (БХБ) болон Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулах хугацаатай уялдах ба нэгдсэн үр дүнд хүрэхийн тулд тэдгээрийн хоорондын уялдаа холбоо, зохицуулалтыг хангах шаардлагатай.
Хурлын төгсгөлд оролцогч талуудад “Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө”-г илүү боловсронгуй болгох, төслийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор оролцогч талуудыг илүү өргөн хүрээгээр хамруулж, цахим болон бусад хэлбэрээр хэлэлцүүлгүүдийг үе шаттайгаар зохион байгуулахаар Монгол, Япон талууд хамтран ажиллахаар тохиролцов.