Монголын ипотекийн корпораци таван хувийн зээлтэй холбоотой иргэдийн ирүүлсэн асуултад хариуллаа.
-Танайд худалдагдсан зээл таван хувийн зээл рүү шилжихэд дахиж шинээр материал бүрдүүлж, гэрээ хийгдэх үү?
-Монгол Улсын Засгийн газрын 2016 оны гуравдугаар сарын 04-ний өдрийн 137 дугаар тогтоолоор “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ын 4.9-д заасны дагуу, Нэг талаас Монголбанкнаас өгсөн чиглэлийн дагуу Монголбанк, МИК, арилжааны банкууд таван хувийн хүүтэй зээлд шилжих үйл ажиллагааг харилцан тохиролцсон. Нөгөө талаас тус журмын 4-р бүлэгт Банкнаас иргэдэд олгох орон сууцны ипотекийн зээлд нэмэлт шаардлага тавих эрхтэй байхаар тусгасан байх тул зээл авсан банкнаасаа дэлгэрэнгүй мэдээллийг авах нь тохиромжтой байна. МИК-ийн үүсгэн байгуулсан ТЗК-д наман хувийн хүүтэйгээр худалдагдсан зээлийг 5%-ийн хүүтэй зээлд шилжүүлэх үйл ажиллагааны схемийг Монголбанк, арилжааны банкуудтай хамтран боловсруулсан.
-Сар болгон зээл төлөлтийн дүнгээсээ илүү төлөлт хийгээд яваад байвал, тэр мөнгө нь дараа сарынх нь төлөлт рүү шилждэг үү:Эсхүл үндсэн зээлээс нь хасагдаад яваад байдаг уу?
-Монголбанкны Ерөнхийлөгчийн 446 дугаар тушаалаар баталсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын 10.1.5-д заасны дагуу Зээлдэгч зээлийн төлбөрийг урьдчилан төлөхтэй холбоотой үйл ажиллагааг банк дотоод бодлого журмаараа зохицуулна. Өөрөөр хэлбэл зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу зохицуулагдах тул зээл олгосон банкны зээл хариуцсан мэргэжилтнээс тодруулна уу.
-Улаанбаатар хотод яг ямар байршилд, ямар компанийн ямар нэртэй орон сууцны байр, хороолол, хотхон таван хувь руу шилжих тухай байршлын нарийн жагсаалт байгаа юу?
-Нийгмийн хамгааллын сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нарын 2016 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн А/32, А-64 тоот хамтарсан тушаалын 1-д зааснаар нөхцөл хангасан зээлдэгч нарын орон сууцны зээлийн жилийн хүүг 5 хувиар олгох боломжтой болсон. Үүний дагуу “Шинэ суурьшил бүс”, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс”-д хамаарах орон сууцуудыг тодорхойлуулахаар “МИК ОССК” ХХК нь холбогдох эрх бүхий байгуулагад хандаад байгаа бөгөөд хариу ирсэн тохиолдолд арилжааны банкуудад мэдэгдэж, мэдээллийг байгууллагын цахим хуудаст байршуулна.
-Танайд судлагдаж байгаа зээлийн урьдчилгаанд тавьсан барьцааг сольж болох уу?
-Зээлдэгч хөтөлбөрийн дагуу шинээр худалдан авах орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрт Монгол Улсын Засгийн газрын 137 дугаар тогтоолоор баталсан “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ын 2.6-д заасны дагуу өөрийн өмчлөлд байгаа орон сууцыг барьцаалж болно гэж заасан. “МИК Актив ТЗК” ХХК-ийн худалдан авсан багц дах зээлийн нэмэлт барьцаа хөрөнгийг солих тохиолдолд барьцаа хөрөнгийн нөхцөл, чанар, барьцааны үүргийн чадавхийг бууруулахгүй, Монголбанкны Ерөнхийлөгчийн А-67 дугаар тушаалаар баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-н 2.1.3-т заасан шалгуур үзүүлэлт болон бусад шалгуур үзүүлэлтийг хангасан барьцаа хөрөнгө байх учиртай. Зээлийн урьдчилгаанд тавигдсан барьцаа хөрөнгийг солих ажиллагаанд МИК, Банк болон төрийн байгууллагууд оролцдог тул хугацаа шаардагддаг болохыг анхаарна уу.
-Найман хувийн зээлтэй байж байгаад дууссан иргэд дахин таван хувийн зээлд хамрагдаж болох уу?
- “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д заасан шалгуур үзүүлэлтийг хангаж буй тохиолдолд таван хувиар олгогдох орон сууцны ипотекийн зээлд хамрагдаж болно.
-Хамтран зээлдэгчээр орсон хүний нэр гэрчилгээн дээр заавал хамт бичигддэг үү?
-Барьцаа хөрөнгийн гэрчилгээнд хамтран зээлдэгчийг өмчлөгчөөр бүртгэх эсэх нь банкны дотоод бодлого журмаар хориглоогүй бол иргэний өөрийнх нь сонголт байна.
-Найман хувийн зээлээс тав руу шилжихэд дахин нэг хувийн шимтгэл заавал төлөх үү?
-Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмын 9.1-д “Ипотекийн зээлийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс 9.1.1-9.1.8-д заасан үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг шингээсэн шимтгэлийг зээлдүүлэгч зээлдэгчээр төлүүлэх бөгөөд энэ нь нийт зээлийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан тул банкнаас тогтоосон шимтгэлийг төлөх учиртай.
-Орон сууцны зээлийн урьдчилгаанд бэлэглэлийн гэрээтэй байр тавих асуудал нааштайгаар шийдэгдэх үү?
-Бэлэглэлийн гэрээгээр зээлдэгчид шилжин ирсэн орон сууцыг урьдчилгаа төлбөрт барьцаалан ИЗББ-ын багцад худалдах зээлийн хувьд “МИК ОССК” ХХК-ийн хөндлөнгийн хуулийн зөвлөхөөр ажиллаж буй “Өмгөөллийн Эм Ди Эс энд Хаанлекс” ХХН-ийн хуулийн зөвлөмжийг үндэслэн дараах зарчмаар ажиллахаар арилжааны банкуудад мэдэгдээд байна.
-Барьцаа хөрөнгө чөлөөлсөн бичиг авахад банкинд зээлээ төлсөн баримтаа авч ирээд, бичгээ шууд авч болохгүй юу? Заавал банкаар дамжиж чирэгдэл удах хэрэг байна уу?
-Барьцааны эрхийг дуусгавар болсныг бүртгэхдээ “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай” хуулийн 31 дүгээр зүйл, “Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэл хөтлөх журам”-ын 7.9-д тус тус заасны дагуу барьцаалагчаас барьцааны эрх дуусгавар болсныг нотлох баримт болонгэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдсэн тухай тодорхойлолтыг үндэслэдэг. Иймд банкнаас нотлох баримт ирсэний дараа МИК барьцааны эрх дуусгавар болсон тухай албан тоот гаргаж өгнө.
-Худалдаж авах гэж байгаа байрны өмчлөгч нь гадаадад байдаг, итгэмжлэлээр худалдах худалдан авах гэрээ хийж болох уу?
-Гадаадад оршин суугаа иргэн нь Монгол Улсад байнга оршин суудаг иргэнд өөрийгөө төлөөлүүлэх хүчин төгөлдөр итгэмжлэл гарган өгөх боломжтой.
-Суманд орон сууц баривал таван хувийн зээлд хамруулах боломжтой юу?
- “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”, “Орон сууц хувьчлах тухай хууль”, “Барилгын тухай хууль” болон бусад холбогдох хууль тогтоомж, журамд нийцсэн орон сууцыг хөтөлбөрийн хүрээнд олгогдох орон сууцны зээлийн барьцаанд хамруулах боломжтой.
Эх сурвалж: itoim.mn