Увс аймгийн Тэс сум хүн амын тоогоороо аймгийн төвийн дараа ордог буюу хүн амын төвлөрөл ихтэй сум юм. Төвийн сургуулиас гадна хоёр багт тус бүрт нэг, нэг бага сургуультай. Сүүлийн жилүүдэд сумын төвөөс зайдуу баг, тосгодоос төвд суралцах сурагчдын тоо эрс нэмэгдэхийн хэрээр сурагчдын дотуур байрны асуудал хөндөгдөж эхлээд байв. Тэгвэл 2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Тэс сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан 150 хүүхдийн хүчин чадал бүхий дотуур байрыг ашиглалтад орууллаа. Одоогоос 11 жилийн өмнө буюу 2009 онд 100 хүүхдийн багтаамжтай дотуур байр ашиглалтад оруулсан бөгөөд гол төлөв эрэгтэй сурагчдыг байрлуулан үйл ажиллагаа явуулжээ. Тиймээс энэ онд дахин 150 хүүхдийн багтаамжтай дотуур байрыг барьж хүлээлгэн өгсөн юм. Тус байранд алслагдсан баг, тосгодоос 6 настнууд болон эмэгтэй сурагчдыг оруулахаар төлөвлөжээ."Барилгын хөгжлийн төв" захиалагчийн техникийн хяналтыг хийж гүйцэтгэсэн бол барилга угсралтын ажлыг "Зоос импекс" компани гүйцэтгэсэн байна.
Барилгын хөгжлийн төв