Барилга, хот байгуулалтын салбарыг хөгжүүлэх үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа инженер техникийн болон мэргэжилтэй ажилчид, бүтээн байгуулагч та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний түүхт 94 жилийн ой, Барилгачдын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Хотжилтоос үүдэлтэй иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, дэд бүтцийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор “Хот байгуулах тухай” Улсын их хурлын тогтоолын төслийг боловсруулж, Улсын Их хурлын 2020 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн 55 дугаар тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Шинэ Зуунмод, Майдар хотуудыг шинээр төлөвлөн байгуулах шийдвэрийг гаргуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.
Барилга, хот байгуулалтын салбарын хууль, эрх зүйн орчинг шинэчлэх, боловсронгуй болгох Хот суурингийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн нэмэлт, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” 1988 оны 167 дугаар конвенцыг УИХ-ын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн чуулганаар тус тус батлууллаа.
“Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”, “150 мянган айл-орон сууц” үндэсний хөтөлбөр, “Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого”-ыг тус тус Засгийн газраар батлуулан хэрэгжүүлж байна.
“150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төв, суурин газарт амьдардаг өрхүүдийн дийлэнх олонх нь өөрсдийн худалдан авах чадварт нийцсэн, монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, инженерийн бүрэн хангамжтай орон сууцтай болох нөхцөлийг бүрдүүлэх юм.
Монгол Улсын Засгийн газраас ирэх дөрвөн жилд бүтээн байгуулалтын чиглэлээр БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд баригдах “Ногоон нуур орчмын 1008 айлын орон сууц”, БНСУ-аас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих “Солонго-1”, “Солонго-2”, “Баянголын ам”-ны 7009 айлын түрээсийн орон сууцны төслүүд, БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” гэх мэт олон чухал бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэн хэрэгжүүлж байна.
Цаашид Барилга, хот байгуулалтын яамны зүгээс Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор дагуул хотуудыг байгуулах, Улаанбаатар хотыг олон төвт хот болгон задлах, сумдын төвийг шинэчлэх, Барилга, барилгын үйлдвэрлэлийн чанар аюулгүй байдлыг сайжруулах талаар томоохон зорилтууд тавин ажиллаж байна.
Дээрх арга хэмжээнд оролцож буй Аж ахуйн нэгж, байгууллагуудын хийж гүйцэтгэж буй төсөл арга хэмжээний цаана барилгын салбарт ажиллаж буй та бүхний оюун ухаан, нөр их хүч, хөлс шингэсэн хөдөлмөр бий гэдгийг баярын энэ өдөр цохон тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Их бүтээн байгуулагч барилгачдын маань үйлс нь улам өөдөө байж “Шинэ бүтээн байгуулалт”-ын төлөө сэтгэл, зүтгэл нэгдэн урагшилна гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлье.
Та бүхний улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө бүтээн байгуулсан үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
ХҮНДЭТГЭСЭН:
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР