Монголын үе үеийн архитекторууд Та бүхэнд “Дэлхийн архитектурын өдөр”-ийн баярын мэндийг дэвшүүлье.
Олон Улсын Архитекторуудын холбоо 1985 оноос эхлэн жил бүрийн 10 сарын эхний Даваа гарагийг “Дэлхийн архитектурын өдөр” болгон зарлаж, жил бүр тодорхой сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд манай улсад “Дэлхийн архитектурын өдөр”-ийг “Монголын архитекторуудын эвлэл” тухайн сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Энэ жилийн “Дэлхийн архитектурын өдөр”-ийг 10 дугаар сарын 5-ны өдөр “Toward а better urban future” буюу “Хотын ирээдүйн сайн сайхны төлөө” сэдвийн хүрээнд дэлхий нийтээр нэгэн зэрэг тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна.
Өнөөдөр цар тахалаас үүдэн дэлхийн эдийн засаг, бизнесийн харилцаа, хүмүүсийн амьдрах хэв маяг, ажиллах орчин нөхцөл, шинжлэх ухаан, техник технологид асар их өөрчлөлт гарсан. Эдгээрийг дагаад хотжилтод эерэг болон сөрөг нөлөөллүүд ч үүссэн.
Барилга Хот Байгуулалтын яам нь Засгийн Газраас дэвшүүлсэн бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, эрх зүйн орчинг боловсронгуй болгож, салбарын хэмжээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн ажиллаж, эхнээсээ үр дүнд хүрч байна.
Хүн амын хэт төвлөрөл, агаар, орчны бохирдол, замын түгжрэл, ажилгүйдлийг бид хаяа, дагуул хотууд байгуулах замаар шийдвэрлэхээр Монгол Улсын Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байна.
Эх орныхоо сайн сайхны төлөөх үйлс болсон улс орны бүтээн байгуулалт, Монголын архитектурын хөгжил, дэвшилд “Архитектор” та бүхний оруулсан хувь нэмэр, алдар гавьяа их билээ. Олон улсын архитектурын салбарт өрсөлдөхүйц боловсон хүчинтэй, уламжлал, шинэчлэлийг хослуулсан шинэ цагийн хотжилттой, дэлхийд үнэлэгдсэн бүтээн байгуулалтыг сүндэрлүүлэх болтугай.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД
Б.МӨНХБААТАР