Засгийн газрын 2019 оны 70-р тогтоолоор баталсан “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ын 2.2.5 дахь зорилт “Барилгын материал, бүтээгдэхүүн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Барилгын материал үйлдвэрлэлийн салбарын улсын зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнөөр Барилгын салбарт 2020-2024 онд авч хэрэгжүүлэх бодлого, Барилгын материалын чанарт тавигдах шаардлага, анхаарах асуудал, үйлдвэрлэлд тулгамдаад байгаад асуудал, барилгын хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг асуудлуудаар илтгэл тавих юм.
Монгол Улсын хэмжээнд 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар Барилгын материалын тусгай зөвшөөрөл нь хүчинтэй 522 аж ахуй нэгж байна. Үүнээс Улаанбаатарт 368 нь 154 нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Барилгын материалын гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс арматурын 14 үйлдвэр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсад арматурын хэрэгцээ 2012-2020 оны байдлаар дундаж үзүүлэлтээр жилийн хэрэгцээ 200 мянган тонн байдаг аж. 2019 оны байдлаар нийт хэрэгцээний 40 хувийг дотооддоо үйлдвэрлэж байсан бол 2020 онд COVID гарснаас шалтгаалан нэг үйлдвэр үйл ажиллагаа явуулж, нийт хэрэгцээний таван хувийг хангажээ.
Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон газрын дарга нар, Барилгын хөгжлийн төвийн Захирал Ц.Амарсанаа, Тэргүүн дэд захирал Б.Ганболд, дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Энхболд, Дэд захирал М.Ибрай болон бусад албаныхан мөн 21 аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, 21 аймгийн барилгын материал үйлдвэрлэгчид гээд нийт 250 гаруй хүн зөвлөгөөнд оролцож байгаа юм.