Oрон сууцны зээлийн хүүг 8% байгааг 6% болгохоор ажиллаж байгааг Монголбанкнаас мэдээлж байсан билээ. Энэ талаар Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир: Монгол ТВ -ийн "Нүүдэл Шийдэл" нэвтрүүлэгт оролцохдоо "Барилгын салбар бол хамгийн их ажлын байрыг хадгалж байдаг. 100 мянган хүнийг ажлын байраар хангаж буй салбар. Монголбанкны хувьд цар тахлын эсрэг хууль болоод тогтоолын дагуу ажлын байраа хадгалахын тулд хөтөлбөрийг үргэлжлүүлж, санхүүжилтийг нь гарга гэсэн даалгавар авсан. Тавдугаар сарын 1-нээс хойш 147 тэрбум төгрөг Монголбанкнаас гарсан. Үүнтэй тэнцүү хэмжээний мөнгө арилжааны банкуудаас гарсан. Өөрөөр хэлбэл, 300 орчим тэрбум төгрөгөөр иргэдэд зээл олгоод явж байна. Зээлийн хүүг 6% болгох асуудлаар өнөөдөр, маргаашгүй Барилга, хот байгуулалтын яам, арилжааны банкуудтай гуравласан гэрээ байгуулах гэж байна. Үүний хүрээнд Монголбанк 50 хувийг, арилжааны банкууд 50 хувийн санхүүжилтийг гаргаад явна. Гэхдээ Ковидын эсрэг хууль 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болно. Хуулийн хугацаа 2021 онд үргэлжилбэл сунгагдана" гэж байлаа. Мөн тэрбээр "Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлж буйгаар 2021 оны зургаадугаар сар хүртэл ипотекийн зээлийг банкуудтай тохироод эх үүсвэрийг хоёр дахин нэмээд Монголбанк үргэлжлүүлэх боломжтой бөгөөд 2021 оны долоодугаар сараас эрх зүйн хувьд хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй болно. Тиймээс энэ хугацаанд үндэсний ипотекийн санхүүжилтийн тогтолцоог бий болгож, корпороцыг байгуулах хууль, дагалдах эх үүсвэрийг тодорхой болгох шаардлагатай гэж байгаа" гэсэн юм. 2020 оны наймдугаар сарын байдлаар 99,306 зээлдэгч нийт 4.8 их наяд төгрөгийн ипотекийн зээлтэй байна. Үүнээс 74 хувь нь буюу 73,705 зээлдэгч хөтөлбөрийн хүрээний эх үүсвэрээс 3.5 их наяд төгрөгийн зээлтэй байгаа юм. Нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 95.5 хувь нь хэвийн, 1.3 хувь нь хугацаа хэтэрсэн, 3.2 хувь нь чанаргүй зээл байна. Чанаргүй ангилалд шилжсэн ипотекийн зээлийн 50.3 хувийг хөтөлбөрийн зээл, 48.6 хувийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 1.1 хувийг бусад эх үүсвэрийн зээл эзэлж байгааг Монголбанк мэдээлжээ.
Эх сурвалж: ikon.mn