"Барилга байгууламжийн зураг төслийн чанар, хяналтын тогтолцоо” салбар хуралдаан Барилгын хөгжлийн төвд болж байна. Зөвлөгөөнд Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа,оролцож байна. Мөн хот төлөвлөлт, барилгын зураг төслийн байгууллагууд, зураг төслийг хянаж зөвшилцдөг МХЕГ, ОБЕГ, НЗДТГ, НХБХГ-ын төлөөлөл, барилга угсралтын байгууллагын төлөөлөл 21 аймгийн ерөнхий архитекторууд оролцож, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулж буй өнөөгийн тогтолцоо, гарч буй алдаа зөрчил, тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга замыг хэлэлцэж байгаа юм.
Монгол Улсын хэмжээнд 840 гаруй зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Гэвч төрийн байгууллагын хяналт, уялдаа холбоо, хувийн хэвшлийн уялдаа холбоо сул байдгаас шалтгаалан зураг төсөлд зөрчил үүсдэг талаар мэргэжлийн байгууллагууд хэллээ. Тухайлбал хот төлөвлөлтийг 30-50 жилээр төлөвлөдөг. Гэвч зураг төсөл хийж буй байгууллага аж ахуйн нэгж, геологийн дүгнэлттэй уялдаж төлөвлөх ёстой ч энэ асуудал дутагдалтай байдаг байна. Мөн голын ай сав газарт зураг төсөл гаргаж болохгүй гэдэг ч ай сав газрынх нь хил хязгаар мэдэгддэггүй зэрэг асуудал тулгардаг байна. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах нь зүйтэй гэдгийг оролцогчид санал нэгтэй хэлж байна. Энэ мэт зураг төсөл зохиогч нар болон зураг төсөлд магадлал хийхэд гардаг алдаа дутагдлаа өнөөдрийн зөвлөгөөн хэлэлцлээ. Энэхүү санал болон зөвлөгөөний илтгэлүүдэд дурдагдсан хууль эрх зүй, дүрэм журмуудын хоорондын уялдаа холбоог сайжруулж зөрчил дутагдлыг арилгах ажлын хэсгийг мэргэжлийн төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулах тухай зөвлөмжийг “Барилга байгууламжийн чанар хяналтын тогтолцоо-2020” үндсэн зөвлөгөөнд танилцуулах юм.
Барилга байгууламжийн зураг төслийн чанар, хяналтын тогтолцоо салбар зөвлөгөөнийг Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо, Монголын архитекторуудын эвлэл, Монголын барилгын инженерүүдийн холбоо, Монголын хот төлөвлөгчдийн нэгдсэн холбоо, Монголын барилгын төсөвчдийн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж байна.