БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторитай болов

2016-09-18
Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторитай болов

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жил, Сүхбаатар аймагт барилгын байгууллага үүсч хөгжсөний 50 жилийн ойг энэ өдрүүдэд Баруун-Урт хотноо тэмдэглэн өнгөрүүлж байна. Ойн хүрээнд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дэргэд Барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори байгуулан нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Тус лаборатори байгуулагдсанаар барилгын материалын чанарт тавих хяналт сайжиран, барилгын чанар дээшилж иргэн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөл бүрдэнэ гэдгийг нээлтэнд оролцсон албаны хүмүүс онцолж байлаа. Тус лаборатори нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 343 тоот тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Бүсийн тулгуур төвүүд болон аймгийн төвүүдэд барилгын материалын сорилт шинжилгээний иж бүрэн лаборатори байгуулах”-аар тусгагдсаны дагуу байгуулагдсан бөгөөд барилгын материал, хийц бүтэц, эдлэхүүний шинж чанарыг Монгол Улс болон олон улсад дагаж мөрдөгдөж байгаа стандартын дагуу тодорхойлох орчин үеийн шинэ техник, технологи, багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лаборатори юм.

Одоогоор 20 сая төгрөгийн үнэ бүхий 6 нэр төрлийн тоног төхөөрөмжтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Элс хайрга, дайрганы холимогийн физик механик шинж чанар, бетон болон полистрол хөнгөн бетоны шахалтын бат бэх, тоосго, явган замын хавтангийн гадаргууны тэгш байдал, шахалтын бат бэх зэрэг 8 нэр төрлийн шинжилгээ хийж, иргэд аж ахуй нэгжүүдэд 18-60 мянган төгрөгөөр үйлчлэх юм.

Сүхбаатар аймагт барилгын угсралт материалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 14 аж ахуй нэгж байдаг бөгөөд аймагтаа лабораторитой болсноор цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлттэй нөхцөл бүрдэж байгаад тэд баяртай байна.

Т. Одончимэг

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх