Засгийн газраас танхимын гишүүд, сайд нараа иргэдээ долоо хоног бүрийн нэг өдөрт хүлээн авч нээлттэй уулзаж байх үүрэг даалгавар өгсөн. Үүний дагуу Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр эхний уулзалтаа салбарынхаа ахмадуудыг урихаас эхэллээ. Уулзалтад Улсын барилгын зургийн төв институтийн захирал, Төв хорооны хэлтсийн эрхлэгч, Барилга, барилгын материалын яамны Сайдаар ажиллаж байсан Л.Цэрэндондог, Төв хорооны ажилтан, Улсын барилгын хорооны орлогч даргаар ажиллаж байсан, “Шинэ Барилга” ХХК-ийн захирал Ө.Дорждэрэм, Үйлдвэрийн барилга трестийн дарга, орлогч сайд, “Барилга” корпорацийн захирал Л.Шагдаррагчаа, Барилгын яамны орлогч сайд, БАТХУХ-ны орлогч дарга асан Г.Болд, УИХ-ын гишүүн асан, Төв хорооны хэлтсийн эрхлэгч, БҮЭШИ-ийн захиралаар ажиллаж байсан Н.Тогтох, Барилга, барилгын матеиалын үйлдвэрийн яамны орлогч сайд Л.Цээсүрэн нар хүрэлцэн ирж санал бодлоо солилцож үнэт сургаал, зөвлөгөөгөө хуваалцлаа. Уулзалтын төгсгөлт сайд Г.Мөнхбаяр эрдмийн зэрэг цолтой, салбартаа ажиллаж арвин их туршлага хуримтлуулсан энэ хүмүүсийн төлөөллөөр сайдын дэргэдэх Мэргэжлийн бодлогын зөвлөл байгуулж тус яамны зүгээс салбарын бодлого, шийдвэрээ албан ёсоор гарахын өмнө эгзэгтэй асуудлуудаа хэлэлцүүлэн санал зөвлөмжийг нь сонсдог, тусгадаг байх санал тавьсныг ахмадууд маань баяртай хүлээн авсан юм.